Шүүгчид 16
16
Самсон Делила хоёр
1Самсон Газ уруу явав. Тэр тэнд нэгэн янхан эмийг хараад, түүн дээр оров. 2Самсон энд ирэв хэмээн Газынханд мэдэгдсэнд тэд түүнийг бүсэлж, хотын хаалганд бүхэл шөнө нуугдан түүнийг хүлээв. Тэд бүхэл шөнийн турш нам гүм байж
—Үүр цайтал хүлээж байгаад, түүнийг алъя хэмээн хэлэлцэв. 3Самсон шөнө дунд хүртэл хэвтээд, шөнө дөлөөр босож, хотын хаалганы хавтсыг хоёр багана, тээгтэй нь хамт сугалж аван мөрөн дээрээ тавиад, Хеброны харалдаах уулын оройд үүрч аваачив.
4Түүний дараа Сорекийн хөндийд амьдардаг Делила хэмээх эмэгтэйд Самсон дурлажээ. 5Филистийн ноёд тэр эмэгтэйд ирж, түүнд
—Самсоныг ятгаж эргүүлэн, түүний агуу хүч чадал юунд байгааг болон юугаар бид түүнийг дийлж, хүлж болох талаар олж мэдэгтүн. Тэгвэл бид хүн нэгбүр чамд мянга нэг зуун мөнгөн зоос өгнө гэв. 6Делила Самсонд
—Чиний агуу хүч чадал юунд байгааг бас юугаар чамайг хүлж болохыг надад итгэн хэлж өгөөч хэмээн гуйсанд 7Самсон түүнд
—Хэрэв тэд намайг нумын долоон шинэхэн хатаагүй шөрмөсөн хөвчөөр хүлбэл би дорой болж, бусад хүний адил болно гэв. 8Тэгэхэд филистийн ноёд нумын долоон шинэхэн хатаагүй шөрмөсөн хөвчийг өнөөх эмэгтэйд авчирсанд тэр түүгээр Самсоныг хүлэв. 9Тэр эмэгтэй мухрын өрөөндөө хэдэн хүнийг нуусан байв. Тэгээд тэр түүнд
—Самсон, дээрээс чинь филистчүүд хэмээн бархирав. Гэвч Самсон бөх олсыг галд хүргэн таслах мэт шөрмөсийг таслав. Ингээд түүний хүч чадлын нууц эс илрэв. 10Делила, Самсонд
—Чи намайг мэхлэн, надад худал хэлсэн. Одоо надад итгэ л дээ. Чамайг юугаар хүлж болох вэ гэв. 11Самсон түүнд
—Хэрэв тэд хэрэглэж байгаагүй цоо шинэ олсоор намайг чанга хүлбэл би дорой болж, бусад хүний адил болно гэв. 12Делила цоо шинэ олс авч, түүнийг хүлээд
—Самсон, дээрээс чинь филистчүүд хэмээн бархирав. Мухрын өрөөнд хэдэн эр нуугдсан байлаа. Гэвч Самсон тэр олсыг утас мэт таслан гараасаа унагав. 13Тэгэхэд Делила Самсонд
—Өнөөг хүртэл чи намайг мэхлэн, надад худал хэлэв. Надад итгэ л дээ. Чамайг хэрхэн хүлж болохыг хэл хэмээн шаардав. Самсон түүнд
—Хэрэв чи миний толгойн долоон туг үсийг нэхээд нэхмэлийн зүүгээр нь сүлбэж орхивол гэлээ. 14[Тийнхүү түүнийг унтаж байхад нь Делила түүний үснээс долоон туг үсийг нэхжээ.]#16:14 Еврейд нь энэ хэсэг байхгүй. Тэр үсийг нь нэхмэлийн зүүгээр сүлбээд
—Самсон, дээрээс чинь филистчүүд хэмээн бархирав. Гэвч Самсон нойрноос сэрж, нэхмэлийн зүүг суурьтай нь, нэхмэлтэй нь угз татав.
15Тэгтэл нөгөө хүүхэн Самсонд
—Зүрх сэтгэл чинь надаас хөндий атал “Би чамд хайртай” гэж чи яаж надад хэлж чадна вэ? Чи намайг гурвантаа мэхлэн чиний агуу хүч чадал юундаа байгааг надад хэлсэнгүй хэмээв. 16Тэрээр тэгээд өдөр бүр түүнийг үгээрээ хоргоон шахамдуулсанд түүний сэтгэл үхтлээ мятрав. 17Ингээд Самсон түүнд сэтгэлдээ буй бүгдийг уудлан ярьж
—Миний толгойд тонгорог хүргэсэн удаагүй. Учир нь би эхийн хэвлийд байхаасаа Бурханы назир#16:17 назир: 13:5 үз. хүн байв. Миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлж, би доройтон хүн бүрийн адил болно гэв. 18Ийнхүү зүрх сэтгэлээ бүгдийг дэлгэн ярьсныг нь Делила хараад, хүн явуулж Филистийн ноёдыг дуудан
—Дахин нэг удаа хүрч ирэгтүн. Учир нь Самсон өөрийн зүрх сэтгэлээ бүгдийг надад дэлгэлээ гэж хэлүүлэв. Тэгэхэд Филистийн ноёд түүн дээр гартаа мөнгөө барьсаар ирэв. 19Өнөөх эмэгтэй Самсоныг өвдөг дээрээ унтуулж, нэгэн хүнийг дуудаад толгойн долоон туг үсийг нь хусуулсанд#16:19 Еврейд нь эмэгтэй үсийг нь тайрчээ. Самсон суларч сулдайн хүч нь арилжээ. 20Мөнөөх эмэгтэй
—Самсон, дээрээс чинь филистчүүд гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж
—Би өмнөх шигээ гарч яван, биеэсээ тэднийг таягдан сэгсэрье хэмээв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй. 21Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсон шоронд буудай тээрэмдэгч болов. 22Үсийг нь хуссанаас хойш Самсоны толгойн үс дахин ургаж эхлэв.
Самсоны үхэл
23Филистийн ноёд “Бидний дайсан Самсоныг манай бурхан бидний гарт тушаав” гэж хөөрцгөөн, өөрсдийн бурхан Дагонд нэгэн их тахил өргөн баярлахаар цуглацгаав. 24Ард олон Самсоныг хараад, өөрсдийн бурхныг магтан “Улс орныг минь сүйтгэж, биднээс олныг хороосон дайсныг маань манай бурхан бидний гарт тушаав” гэцгээв. 25Тэдний зүрх хөөрөхөд тэд
—Самсоныг дуудан авчир. Тэр биднийг зугаацуулаг#16:25 эсвэл биднийг хөгжөөг хэмээн хашхирцгаав. Тийнхүү тэд Самсоныг шоронгоос дуудан гаргасан бөгөөд тэр тэднийг зугаацуулах учиртай байв. Тэд Самсоныг баганануудын хооронд зогсоосон байлаа. 26Тэрээр гарыг нь барьж байсан залууд
—Энэ дуганы тулгуур багананд хүрч, түшихийг зөвшөөрөөч гэв. 27Дуган дүүрэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан бөгөөд Филистийн ноёд бүгд тэнд байв. Самсон хэрхэн зугааг нь гаргахыг харан дуганы дээвэр дээр бараг гурван мянган эрэгтэй, эмэгтэй хүн зогсож байлаа. 28Тэгэхэд Самсон ЭЗЭНийг дуудан
—Эзэн БУРХАН намайг санан соёрхооч. Өө, Бурхан минь, зөвхөн энэ удаа л надад хүчийг өгөөч. Би хоёр нүднийхээ төлөө филистчүүдээс ганцхан л удаа өшөөгөө авъя хэмээн гуйв. 29Самсон дуганыг тулж байсан голын хоёр баганын нэгийг нь баруун гараараа, нөгөөг нь зүүн гараараа тулав. 30Тэгээд Самсон
—Филистчүүдтэй хамт амиа алдъя хэмээн өгүүлж, хамаг чадлаараа түлхсэнд дотор нь байсан ноёд болон бүх ард олон дээр дуган нурж унав. Ийнхүү Самсоны үхэхдээ алсан хүмүүс нь түүний амьд байхдаа алсан хүмүүсээс ч олон болов. 31Дараа нь түүний ах дүүс ба эцгийнх нь гэрийн хүмүүс бүгд буун ирж, түүнийг өргөн авч, Зора ба Ештаолын хооронд орших эцэг Маноагийн булшинд авчран оршуулав. Самсон ийн хорин жил Израилийг шүүжээ.
Одоогоор Сонгогдсон:
Шүүгчид 16: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.