Шүүгчид 1:27-36

Шүүгчид 1:27-36 АБ2013

Харин Манассе Бет-шеан болон түүний харьяа гацаа тосгод, Таанах болон түүний харьяа гацаа, Дорын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Иблеамын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Мегиддогийн оршин суугчдыг болон түүний харьяа гацаануудын хүмүүсийг хөөн зайлуулаагүй тул канаанчууд тэр нутагт үлдэж чадав. Израиль хүчирхэг болоод канаанчуудаар албадлагын ажил хийлгэсэн боловч тэднийг бүрмөсөн хөөн зайлуулсангүй. Гезерт оршин сууж байсан канаанчуудыг Ефраим хөөн зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдран суув. Китроны болон Нахалолын оршин суугчдыг Зебулун хөөн зайлуулаагүй тул канаанчууд тэдний дунд амьдарч, албадлагын ажил хийх болов. Акко, Сидон, Ахлаб, Ахзиб, Хелба, Афик болон Рехобын оршин суугчдыг Ашер хөөн зайлуулсангүй. Канаанчуудыг ашерчууд хөөгөөгүй учраас тэд уг нутагт оршин суудаг канаанчуудын дунд амьдрав. Нафтали нь Бет-шемешийн болон Бет-анатын оршин суугчдыг хөөн зайлуулалгүй, харин тэд уг нутгийн оршин суугчид болж канаанчуудын дунд суурьшив. Тэгээд Бет-шемеш болон Бет-анатын оршин суугчид тэдний төлөө албадлагын ажил хийх болжээ. Тэгтэл аморичууд Даны хөвгүүдэд хөндий тал уруу бууж ирэх боломж өгөлгүй уулархаг газар уруу тэднийг шахав. Херес уул, Аиалон болон Шаалбимд аморичууд суурьшиж чадсан ч Иосефын гэрийнхний гар хүчирхэгжихэд тэд албадлагын ажил хийх болов. Аморичуудын нутгийн хязгаар нь Акраббимын өндөрлөг, Села ба түүнээс дээш үргэлжлэн байв.