Исаиа 58:1-8

Исаиа 58:1-8 АБ2013

“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн. Гэлээ ч зөвт байдал үйлддэг, Бурханыхаа шүүлтийг умартаагүй үндэстэн мэт Тэд Намайг өдрөөс өдөрт эрж, Замыг минь мэдэхийг хүсдэг. Тэд зөвт шийдвэрийн төлөө Надаас гуйж, Бурханы ойр байхыг хүсдэг. «Мацаг барихыг маань яагаад Та хараагүй юм бэ? Бид номхон даруу болж байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, мацаг барих өдрөө та нар таалал сонирхолдоо үйлчилж, Хамаг ажилчдаа мөлждөг. Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж, Гэмт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд Та нар өнөөдөр мацаг барихгүй байна. Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Хүн өөрийгөө төлөв даруу болгох өдөр мөн үү? Хүний толгойг зэгс мэт бөхийлгөн Үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар мацаг барилт ЭЗЭНд тааламжит өдөр гэж дууддаг юм уу? Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу? Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, Хөөгдөж туугдсан ядуусыг гэртээ авчрах нь бус уу? Нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, Цусан төрлөөсөө нуугдахгүй байхын тулд бус уу? Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч, Эдгэрэлт чинь үтэр түргэн өсөж, Зөвт байдал чинь чиний өмнө явах бөгөөд ЭЗЭНий алдар чиний арын хамгаалалт болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна