ИСАИА 58:1-8

ИСАИА 58:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

“Чангаар хашхирагтун. Бүү зогсогтун. Дуугаа бүрээ мэт чангалан, Миний ард түмэнд гэм бурууг нь, Иаковын гэрт нүглийг нь зарлагтун. Тэд зөвийг үйлддэг бөгөөд Бурханыхаа хуулийг умартаагүй үндэстэн мэт Намайг өдөр бүр эрж, Миний замыг мэдэхийг хүсдэг. Тэд зөв шийдвэрийн төлөө Надаас гуйж, Бурханы ойр байх хүсэлтэй ажээ. «Бидний мацаг барихыг яагаад Та хараагүй юм бэ? Бид өөрсдийгөө номхон даруу болгож байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, та нар мацаг барих өдрөө өөрсдийн хүслээ дагадаг бөгөөд бүх ажилчдаа мөлждөг. Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж, хилэнцэт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Та нар өнөөдрийнх шиг дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд мацаг барьж болохгүй. Энэ өдөр хүн өөрийгөө төлөв даруу болгохын тулд Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Эсвэл энэ нь зөвхөн хүний толгойг зэгс мэт бөхийлгөн, үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар ЭЗЭНд тааламжит өдөр, мацаг барилт гэж нэрлэдэг юм уу? Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу? Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу? Тэгвэл чиний гэрэл үүрийн гэгээ шиг цацарч, чиний эдгэрэлт үтэр түргэн болж, чиний үнэн зөв өмнө чинь явж, ЭЗЭНий цог жавхлан чиний арын хамгаалалт болно.

Хуваалцах
ИСАИА 58 унших

ИСАИА 58:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)

“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн. Гэлээ ч зөвт байдал үйлддэг, Бурханыхаа шүүлтийг умартаагүй үндэстэн мэт Тэд Намайг өдрөөс өдөрт эрж, Замыг минь мэдэхийг хүсдэг. Тэд зөвт шийдвэрийн төлөө Надаас гуйж, Бурханы ойр байхыг хүсдэг. «Мацаг барихыг маань яагаад Та хараагүй юм бэ? Бид номхон даруу болж байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, мацаг барих өдрөө та нар таалал сонирхолдоо үйлчилж, Хамаг ажилчдаа мөлждөг. Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж, Гэмт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд Та нар өнөөдөр мацаг барихгүй байна. Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Хүн өөрийгөө төлөв даруу болгох өдөр мөн үү? Хүний толгойг зэгс мэт бөхийлгөн Үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар мацаг барилт ЭЗЭНд тааламжит өдөр гэж дууддаг юм уу? Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу? Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, Хөөгдөж туугдсан ядуусыг гэртээ авчрах нь бус уу? Нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, Цусан төрлөөсөө нуугдахгүй байхын тулд бус уу? Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч, Эдгэрэлт чинь үтэр түргэн өсөж, Зөвт байдал чинь чиний өмнө явах бөгөөд ЭЗЭНий алдар чиний арын хамгаалалт болно.

Хуваалцах
ИСАИА 58 унших