Исаиа 51:1-16

Исаиа 51:1-16 АБ2013

“Зөвт байдлыг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа. Намайг сонсогтун. Та нарыг цавчиж авсан хад уруу, Та нарыг малтаж гаргасан нүхийг харагтун. Өвөг эцэг Абрахамыгаа, Өөрсдийг чинь төрүүлсэн Сараг хар. Ер ганцаар нь л түүнийг Би дуудсан Ерөөж түүнийг харин Би олшруулсан. Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, Хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна. Зэлүүд талыг нь Еден шиг, Цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм. Ард түмэн минь, Надад анхааран Үндэстэн минь, Над уруу чих тавигтун. Учир нь хууль Надаас гарна. Ард түмнүүдийн гэрэл болгон Шударга ёсоо Би тогтооно. Зөвт байдал минь ойр, Аврал минь гарч ирж байна. Мутар минь ард түмнүүдийг шүүнэ. Эргийн нутгууд Намайг эрэлхийлэн Тэд мутрыг минь горьдон хүлээнэ. Тэнгэр өөд харцаа өргөөд, Доошоо газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, Газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин аврал минь мөнхөд байж, Үнэн зөв минь үл мөхнө. Үнэн зөвийг мэддэг, Зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн. Учир нь дээл хувцас мэт, Тэднийг хивэн эрвээхэй идэж, ноос мэт, тэднийг өт хорхой иднэ. Харин зөвт байдал минь мөнхөд, Аврал минь үеийн үед байна.” Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь, Хүчээ өмс! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тасчиж, Лууг нэвт хатгасан нь Та бус уу? Далай тэнгис, их гүний усыг хатаан Золигдогсдыг гатлуулахын тулд Тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу? Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно. “Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ? Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч, Бүтээгч ЭЗЭНээ чи мартан Устгахад бэлэн юм шиг буй шахамдуулагчийн хилэгнэлээс Чи өдөр бүр үргэлж айж байх уу? Гэвч шахамдуулагчийн уур хилэгнэл хаана байна вэ? Олзлогдогсод удахгүй чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар ч дутагдахгүй. Нүргээнт давалгаатай далай тэнгисийг хутган хөдөлгөгч нь Би ЭЗЭН, чиний Бурхан байна. Түг түмдийн ЭЗЭН бол Түүний нэр мөн. Тэнгэрсийг тогтоож, газрын суурийг тавиад Сионд «Чи Миний ард түмэн» гэж айлдахын тулд аманд чинь үгээ тавьж, мутрынхаа сүүдрээр чамайг халхалсан нь Би билээ.”