ИСАИА 51:1-16

ИСАИА 51:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

“Үнэн зөвийг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа. Намайг сонсогтун. Та нарыг цавчиж авсан хад уруу, та нарыг малтаж гаргасан нүх уруу харагтун. Та нарыг шаналан байж төрүүлсэн Сараг болон та нарын эцэг Абрахамыг харагтун. Түүнийг ганцаараа байхад нь Би дуудаж, ерөөж, өсгөн үржүүлсэн юм. Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, түүний бүх хоосон газрыг ч энэрнэ. Тэр зэлүүд талыг Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно. Тэнд баяр баясгалан, зугаа цэнгэл, талархал, дуу хууртай байх болно. Миний ард түмэн, Надад анхаарал тавь. Миний үндэстэн, Над уруу чих тавигтун. Учир нь хууль Надаас гарна. Ард түмнүүдийн гэрэл болгон Өөрийн шударга ёсыг Би тогтооно. Миний үнэн зөв нь ойр байна. Миний аврал гарч ирж байна. Миний мутар ард түмнүүдийг шүүнэ. Эргийн нутгууд Намайг хүлээн, тэд Миний мутрыг горьдон хүлээнэ. Тэнгэр өөд харагтун. Дараа нь доош, газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин Миний аврал мөнхөд байж, Миний үнэн зөв мөхөхгүй. Үнэн зөвийг мэддэг, зүрх сэтгэлд нь Миний хууль байгаа ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Тэдний доромжлолоос бүү эмээгтүн. Учир нь дээл хувцас мэт тэднийг хүр эрвээхий идэж, ноос мэт тэднийг өт хорхой иднэ. Харин Миний үнэн зөв мөнхөд байж, Миний аврал нь бүх үед байна”. Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь! Хүчээ ав! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тастаж, лууг цоо хатгасан нь Та бус уу? Далай тэнгис, их гүний усыг хатаан, аврагдагсдыг гатлуулахын тулд тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу? ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж, баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна. Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно. “Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн. Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ? Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу? Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу? Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ? Удахгүй гинжлэгдсэн нэгэн чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар дутагдахгүй. Учир нь Би бол далай тэнгис болон түүний нүргээнт давалгааг хөдөлгөгч ЭЗЭН, чиний Бурхан байна. (Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН мөн.) Би тэнгэрийг байрлуулж, газрын суурийг тавин, Сионд хандан «Чи бол Миний ард түмэн» гэж айлдахын тулд Өөрийн үгийг чиний аманд тавьж, Өөрийн мутрын сүүдрээр чамайг халхалсан”.

Хуваалцах
ИСАИА 51 унших

ИСАИА 51:1-16 Ариун Библи 2013 (АБ2013)

“Зөвт байдлыг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа. Намайг сонсогтун. Та нарыг цавчиж авсан хад уруу, Та нарыг малтаж гаргасан нүхийг харагтун. Өвөг эцэг Абрахамыгаа, Өөрсдийг чинь төрүүлсэн Сараг хар. Ер ганцаар нь л түүнийг Би дуудсан Ерөөж түүнийг харин Би олшруулсан. Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, Хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна. Зэлүүд талыг нь Еден шиг, Цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм. Ард түмэн минь, Надад анхааран Үндэстэн минь, Над уруу чих тавигтун. Учир нь хууль Надаас гарна. Ард түмнүүдийн гэрэл болгон Шударга ёсоо Би тогтооно. Зөвт байдал минь ойр, Аврал минь гарч ирж байна. Мутар минь ард түмнүүдийг шүүнэ. Эргийн нутгууд Намайг эрэлхийлэн Тэд мутрыг минь горьдон хүлээнэ. Тэнгэр өөд харцаа өргөөд, Доошоо газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, Газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин аврал минь мөнхөд байж, Үнэн зөв минь үл мөхнө. Үнэн зөвийг мэддэг, Зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн. Учир нь дээл хувцас мэт, Тэднийг хивэн эрвээхэй идэж, ноос мэт, тэднийг өт хорхой иднэ. Харин зөвт байдал минь мөнхөд, Аврал минь үеийн үед байна.” Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь, Хүчээ өмс! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тасчиж, Лууг нэвт хатгасан нь Та бус уу? Далай тэнгис, их гүний усыг хатаан Золигдогсдыг гатлуулахын тулд Тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу? Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно. “Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ? Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч, Бүтээгч ЭЗЭНээ чи мартан Устгахад бэлэн юм шиг буй шахамдуулагчийн хилэгнэлээс Чи өдөр бүр үргэлж айж байх уу? Гэвч шахамдуулагчийн уур хилэгнэл хаана байна вэ? Олзлогдогсод удахгүй чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар ч дутагдахгүй. Нүргээнт давалгаатай далай тэнгисийг хутган хөдөлгөгч нь Би ЭЗЭН, чиний Бурхан байна. Түг түмдийн ЭЗЭН бол Түүний нэр мөн. Тэнгэрсийг тогтоож, газрын суурийг тавиад Сионд «Чи Миний ард түмэн» гэж айлдахын тулд аманд чинь үгээ тавьж, мутрынхаа сүүдрээр чамайг халхалсан нь Би билээ.”

Хуваалцах
ИСАИА 51 унших