Исаиа 41

41
Бурханы тусламж Израильд
1“Эргийн орнууд аа.
Миний өмнө чимээгүй бай.
Ард түмнүүд хүчээ шинэчлээд,
Урагшлан ирж ярилцаг.
Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.
2Хэн дорно зүгээс зөвт нэгнийг#41:2 дорно зүгийн зөвт нэгэн: Персийн хааныг хэлж байна. (45:1 үз.) өсгөн
Хөл дээр нь босохоор дуудсан бэ?
Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан өгч,
Түүнд хаадыг захируулдаг.
Тэр илдээрээ тэднийг тоос мэт,
Нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов.
3Тэр тэднийг мөшгөхдөө,
Урьд нь хөл тавиагүй замаар амар тайван өнгөрдөг.
4Эхнээс нь үеийнхнийг дуудан
Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ?
ЭЗЭН Би эхнийх бөгөөд төгсгөлд ч
Би Тэр мөн.”
5Эргийн орнууд үзээд айж,
Дэлхийн хязгаарууд цочирдсоор
Ойртон ирлээ.
6Хүн бүр хөршдөө туслан
Ах дүүдээ “Тууштай бай” гэж хэлнэ.
7Ийнхүү дархан нь алт хайлуулагчийг зоригжуулж,
Лантуугаар тэнийлгэгч нь дөшчингөө зоригжуулна.
Гагнаасны талаар “Сайн байна” гээд
Ганхуулахгүйн тулд түүнийг хадаасаар бөхөлнө.
8“Харин миний боол Израиль аа!
Миний сонгосон Иаков аа!
Миний найз Абрахамын үр удам аа!#2Шс 20:7; Иак 2:23
9Би чамайг дэлхийн хязгаараас авч,
Өнцөг булангуудаас дуудаж, чамд хэлэхдээ
«Чи Миний боол.
Би чамайг сонгосон бөгөөд
Чамайг голоогүй.
10Би чамтай хамт, чи битгий ай!
Би чиний Бурхан, чи бүү эмээ!
Чамайг Би тэнхрүүлнэ
Чамд үнэхээр тусална
Зөвтийн баруун мутраараа
заавал чамайг дэмнэнэ»
11Үзэгтүн, чамд хилэгнэн дүрэлзсэн бүхэн ичиж,
гутамшиг болно.
Тэд юу ч биш болж,
Чамтай маргалдагчид сөнөнө.
12Чамтай тэмцэгсдийг чи эрэвч эс олно.
Чамтай дайтагчид юу ч биш болж үл оршин тогтноно.
13Учир нь Би баруун гараас чинь атгах
Чиний Бурхан ЭЗЭН билээ.
Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна.
14Бүү айгтун, өт Иаков, Израилийн эрчүүд ээ.
Би чамд тусална” гэж
Чиний Золигч, Израилийн Ариун Нэгэн,
ЭЗЭН тунхаглаж байна.
15Үзэгтүн, Би чамайг шүдтэй,
Шинэ, хурц бутлагч зэвсэг болгоно.
Чи уулсыг бутлан нунтаглаж,
Толгодыг сүрэл мэт болгоно.
16Чи тэднийг цацах ба
Салхи тэднийг хийсгэн
Хуй салхи тараан хаяна.
Харин чи ЭЗЭНд баярлаж,
Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно.
17Ядуус ба үгээгүйчүүд ус эрэх боловч байхгүй.
Цангаснаас болж хэл нь хатаж байна.
ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж,
Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй.
18Би өндөрлөгүүд дээр гол урсгаж,
Хөндийн дунд булаг ундраана.
Би зэлүүд газрыг усан цөөрөм,
Хатсан газрыг усны ундарга болгоно.
19Би зэлүүд газарт хуш, хуайс, гавирт мод хийгээд чидун моддыг тавьж,
Цөлд майлс, жодоо, нягт шар модыг хамт суулгана.
20Үүнийг ЭЗЭНий мутар хийж,
Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг
Тэд харж, мэдэн тунгааж, ухаарах болой.
Шүтээний нэмэргүй нь
21“Хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж,
“Нотолгоогоо авчрагтун” гэж
Иаковын Хаан айлдаж байна.
22Тэдгээрийг авчирч,
Юу болохыг бидэнд мэдүүлэг.
Урьдын юмсыг тэд бидэнд танилцуулж мэдүүлэг.
Түүнийг нь тунгаан үзэж,
Эцэс төгсгөлийг нь мэдье.
Эсвэл юу болох талаар
Бидэнд сонордуулаг.
23Дараагаар болох юмсыг мэдүүлэгтүн.
Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно.
Сайн эсвэл мууг үйлдэгтүн.
Тэгвэл бид эмээн гайхаж, хамтдаа айя.
24Харагтун, та нар юу ч биш,
Ажил хэрэг тань хоосон.
Та нарыг сонгогч жигшүүртэй.
25Би умард зүгээс босгоход,
Тэр нэгэн#41:25 41:2 үз. ирнэ.
Наран ургах зүгээс тэр нэрээр минь дуудна.
Ваарчин шаврыг гишгэдэг шиг
Захирагчдыг тэрээр шавхай мэт
доороо дэвсэлнэ.
26Бидэнд мэдүүлэхээр
хэн эхнээсээ тунхагласан бэ?
“Зөв” гэж бид хэлэхээр
хэн эрт үеэс зарлав?
Хэн ч тунхаглаагүй, хэн ч зарлаагүй,
Үгийг чинь хэн ч сонсоогүй.
27Анхнаасаа Сионд
“Үзэгтүн эднийг үзэгтүн” гэсэн бөгөөд
Сайхан мэдээ хүргэгчийг Иерусалимд Би өгчээ.
28Гэвч Намайг харахад
Ямар ч хүн байсангүй.
Намайг асуухад хариу өгч чадах
Зөвлөгч тэдний дунд алга.
29Үзэгтүн, тэд бүгд цөвт муу,
Үйлс нь юу ч биш.
Цутгамал хөргүүд нь ч хий хоосон юм.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 41: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна