Исаиа 23

23
Тирийн тухай зөн
1Тирийн тухай зөн.
Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун!
Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов.#Езк 26:1—28:19; Иое 3:4–8; Амо 1:9–10; Зех 9:1–4; Мт 11:21–22; Лк 10:13–14
Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.
2Эргийн оршин суугчид болон Сидоны наймаачид аа,
Чимээгүй байгтун!
Танай элч нар тэнгисийг гатлан
3Их усан дээр байсан.
Тирийн орлого нь Шихорын үр тариа, Нилийн ургац,
Тэр өөрөө үндэстнүүдийн зах зээлийн газар байв.
4Сидон оо, далайн цайзууд аа.
Ичигтүн гэж далай хэлнэ.
“Би хүүхэд төрүүлэх гэж өвдөөгүй.
Би хөвгүүдийг өсгөж, охидыг хүмүүжүүлээгүй” гэж өгүүлэв.
5Египетэд мэдээ хүрмэгц, тэд Тирийн сургаас болж, ихэд шанална.
6Таршишийн хажуугаар өнгөрөгтүн!
Эргийн суугчид аа, уйлагтун!
7Хаа хол газраас суурьшихаар
Хөл дээрээ тэдний дүүрч ирсэн,
Эртний өдрүүдээс эхтэй,
Энэ та нарын наргиант хот уу?
8Наймаачид нь ноёд,
Худалдаачид нь дэлхийд хүндлэгдсэн,
Титмийн соёрхолт Тирийн эсрэг
Хэн үүнийг төлөвлөсөн бэ?
9Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан
Дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд
Түг түмдийн ЭЗЭН үүнийг төлөвлөжээ.
10Таршишийн охид оо,
Нил мөрөн мэт нутгаараа дайран өнгөр!
Тэнд ямар ч боомт алга.
11Тэр мутраа далайн дээгүүр сунгаж,
Хаанчлалуудыг донсолгов.
ЭЗЭН, Канааны цайзуудыг
Эвдэх тушаал буулгав.
12Тэр “Сидоны гутаагдсан, онгон охин минь.
Чи цаашид хөөрөн баясахгүй.
Бос, Киприйг дайран өнгөр.
Тэнд ч гэсэн чи
Ямар ч амралт олохгүй” гэж айлдав.
13Халдеичуудын нутгийг харагтун. Энэ ард түмэн үгүй болжээ. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.
14Таршишийн хөлөг онгоцууд аа, уйлагтун!
Учир нь танай бэхлэлт устсан.
15Тэр өдөр ирэхэд, нэг л хааны өдрүүд мэт далан жилийн туршид Тир мартагдана. Далан жилийн эцэст янхны дуунд гардаг шиг зүйл Тирд тохиолдоно.
16“Мартагдсан янхан аа.
Өөрийгөө сануулахын тулд босоо ятгаа аваад,
Хотоор явж, сайхан тоглож, олон дуу дуулаач!”
17Далан жилийн эцэст ЭЗЭН Тирд айлчилна. Тэгэхэд Тир янхан болж, биеэ үнэлсний хөлсийг дахин авч, газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлалтай садарлах болно. 18Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд ариун болно. Орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 23: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна