Исаиа 22

22
Иерусалимын сүйрлийг анхааруулав
1Үзэгдлийн хөндийн тухай зөн.
Эдүгээ та нарт юу тохиолдоод,
Та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?
2Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо.
Чиний алагдсан хүмүүс
Илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.
3Чиний бүх захирагч хамтдаа зугтаж,
Нум сумгүйгээр олзлогдов.
Тэд хол зугтсан боловч олдсон,
Та нар бүгдээрээ хамт хоригдол болно.
4Ийм учраас би
“Харцаа надаас холдуул.
Би гашуудан уйлъя.
Ард түмний минь охины сүйрлээс болж
Тайвшруулах гэж намайг бүү оролд” гэв.
5Түг түмдийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд
Үймээн самуун, гишгэл талхлал хийгээд
Түйвээний нэг өдөр бий тул
хэрэм нурж,
Тусламж эрсэн хашхираан уулсад нүргэлнэ.
6Тэрэгнүүд ба морьтонгуудын хамт
Елам саадгаа авч,
Кир бамбайг ил гаргав.
7Шилмэл хөндийнүүд чинь тэргээр дүүрч,
Морьтонгууд үүд хаалган дээр жагсав.
8Тэр Иудагийн халхавчийг зайлуулав.
Тэр өдөр чи ойн сууцан дахь зэвсгээ харна.
9Давидын хотын цөмөрхий тоймгүй байгааг та нар үзнэ.
Та нар доод цөөрмийн усыг хураана.
10Та нар бас Иерусалимын байшинг тоолж,
Хэрмийг бэхлэхийн тулд байшингуудыг нураана.
11Та нар хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барина.
Гэвч та нар үүнийг хийсэн Нэгэнийг үл ажиж
Үүнийг өнө эрт төлөвлөсөн Нэгэнийг эс анхаарна.
12Тэр өдөр түг түмдийн БУРХАН Эзэн маань
“Таар нөмрөн үсээ хусаж, гашуудан уйлаач” гэж дуудсан боловч
13Харин харагтун, зугаа цэнгэл, баяр хөөр болж,
Үхэр нядалж, хонь алж,
Мах идэж, дарс ууж байна.
“Маргааш бид үхэх юм чинь идэж, ууцгаая!” гэцгээж байна.#1Ко 15:32
14Гэвч түг түмдийн ЭЗЭН Өөрийгөө чихэнд минь илчлээд
“Та нарыг үхтэл энэ хилэнц үнэхээр уучлагдахгүй”
гэж түг түмдийн БУРХАН Эзэн айлдав.
Хувиа бодогч түшмэдийн шийтгэл
15Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна. “Бос, ордны даамал болох нярав Шебна уруу очигтун. 16«Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ? 17Үзэгтүн, хүн ээ! ЭЗЭН чамайг хол чулуудах гэж байна. Тэр чамайг чанга базах гэж байна. 18Тэр чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн өргөн уудам газар уруу шиднэ. Тэнд чи үхнэ. Тэнд чиний тансаг тэрэг үлдэж, чи эзнийхээ гэрийн ичгүүр болно.» 19Би чамайг албанаас чинь буулгана. Чамайг байр сууриас чинь доош татна. 20Тэр өдөр Би Хилкиагийн хүү, зарц Елиакимаа дуудна. 21Би түүнийг чиний дээлээр хувцаслаж, чиний бүсээр бүслэн чиний эрх мэдлийг түүний гарт хариуцуулна. Тэрээр Иерусалимын оршин суугчид, Иудагийн гэрийн эцэг болно. 22Би мөрөн дээр нь Давидын гэрийн түлхүүрийг тавина. Түүнийг нээхэд хэн ч үл хаана, түүнийг хаахад хэн ч эс нээнэ.#Илч 3:7 23Би түүнийг хатуу газарт гадас шиг шаана. Эцгийнхээ гэрт тэр алдрын сэнтий болно. 24Үр удам, хойч үе ба жижиг сав суулганууд бүгдээрээ, хул аягануудаас бүх ваар савнууд хүртэл буюу эцгийнх нь гэрийн бүх алдрыг тэд дээр нь өлгөнө. 25Тэр өдөр хатуу газарт хадсан гадсыг зайлуулна. Тэр хугарч унана. Дээр нь өлгөгдсөн ачаа ч тасарна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглав. Учир нь ЭЗЭН ийнхүү айлдсан билээ.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 22: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү