Еврей 2:5-18
Еврей 2:5-18 АБ2013
Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэрэлчүүдэд захируулсангүй. Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ. “Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ? Та түүнийг тэнгэрэлч нараас арай доохно болгожээ, Алдар хүндийн титмийг Та түүнд өмсгөжээ, [Мутрынхаа бүтээлүүдийг захируулахаар томилжээ.] Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан” гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулаагүй юуг ч Тэр үлдээсэнгүй. Харин эдүгээ бүх юм түүний эрхэнд орсныг бид хараахан үзээгүй л байна. Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэрэлч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг. Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа тэдний авралын Эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг. Учир нь Ариусгагч болон ариусгагдсан бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд “Таны нэрийг Би Ах дүүстээ тунхаглана, Чуулган дунд Би Таныг магтах болно”, мөн “Итгэлээ Би Түүнд тавина” “Намайг болон Надад Бурханы өгсөн хүүхдүүдийг харагтун” гэжээ. Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм. Учир нь Тэр үнэхээр тэнгэрэлч нарт бус, харин Абрахамын үр удамд санаа тавьдаг. Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв. Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлсэн тул соригдогсдод тусалж чадна.