Еврей 12:7-17
Еврей 12:7-17 АБ2013
Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ шигээ та нартай харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна? Бүгдээрээ хүртсэн сахилга та нарт үгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач аж. Биднийг сахилгажуулдаг, махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу? Тэд үзэмжийнхээ дагуу биднийг хэсэг зуур сахилгажуулсан бол харин Тэрээр бидний сайн сайхны төлөө сахилгажуулсан ажээ. Тэгснээр бид Түүний ариун чанарыг хуваалцах юм. Бүх сахилгажуулал нь тухайн үедээ баяр хөөр бус, харин уй гашуу мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр дасгалжсанд нь зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг гаргаж өгдөг. Иймд сульдсан гар, салгалсан өвдгөө тэнхрүүлэгтүн. Доголон нь замаасаа хазайхгүй, харин эдгээгдэхийн тулд хөлдөө зориулж шулуун жим тавь. Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой. Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил. Ууган хүүгийн эрхээ хоолоор арилжсан Есав шиг эсвэл садар самуун, олиггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил. Тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон билээ. Учир нь тэр, нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зай эс олсныг та нар мэднэ.