Еврей 1:2-14

Еврей 1:2-14 АБ2013

эдгээр эцсийн өдрүүдэд бүхний өвлөгчөөр томилсон, ертөнцийг бүтээсэн Хүүгийнхээ дотор бидэнд хандаж хэлэв. Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав. Тэр тэнгэрэлч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шигээ тэднээс илүү эрхэм дээд нь болсон юм. Учир нь Бурхан, тэнгэрэлч нарын алинд нь хэзээ “Чи бол Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн” гээд бас “Би Түүний Эцэг болж, Тэр Миний Хүү болно” гэж айлдсан юм бэ? Анх төрсөн Түүнийг дэлхийд Тэр дахин авчрахдаа “Бурханы бүх тэнгэрэлч Түүнд мөргөгтүн” гэж айлджээ. Тэнгэрэлчүүдийн тухай Тэр “Тэр тэнгэрэлчүүдээ салхи, Үйлчлэгчдээ галын дөл болгодог” гэдэг бол, харин Хүүгийн тухайд “Бурхан минь, Таны сэнтий мөнхийн мөнх. Үнэн зөвийн очирт таяг нь Таны хаанчлалын очирт таяг мөн. Та зөвт байдлыг хайрласан бөгөөд Ёс бусыг үзэн яджээ. Тиймээс Бурхан, Таны Бурхан, Нөхдийн тань дээгүүр Таныг баяр баяслын тосоор тослов” гэжээ. Бас “Эзэн, Та эхэнд дэлхийг суурилуулсан, Тэнгэрс ч мутрын тань бүтээл билээ. Тэд мөхөх боловч Та үлдэнэ. Тэд бүгд хувцас адил элэгдэнэ. Та тэднийг бүтээлэг мэт ороож Тэд хувцас адил бас өөрчлөгдөнө. Харин Та хэвээрээ, Таны он жилүүд эс төгсөнө” гэдэг. Харин Тэр тэнгэрэлч нарын алинд нь ер нь “Дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл Миний баруун талд залрагтун” гэж айлдсан бэ? Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?