Эхлэл 47:13-31
Эхлэл 47:13-31 АБ2013
Өлсгөлөнд үлэмж нэрвэгдсэнээс бүх нутагт талх тариагүй болж, Египет болон Канаан нутаг өлсгөлөнгөөс болж үгүйрэн туйлджээ. Египет болон Канаан нутгийнхны үр тариа худалдаж авсан бүх мөнгийг Иосеф цуглуулав. Тэгээд Иосеф мөнгийг Фараоны ордонд авчрав. Египет болон Канаан нутгийн мөнгө дуусахад, египетчүүд бүгдээр Иосефт ирж —Бидний хамаг мөнгө дууссан. Бидэнд талх тариа өгөөч. Бид яагаад таны өмнө үхэх ёстой юм бэ? гэсэнд, Иосеф —Та нар малаа авчирч өг. Хэрэв мөнгө чинь дууссан бол малын чинь оронд би түүнийг чинь өгье гэжээ. Тиймээс тэд мал сүргээ Иосефт авчирч өгөв. Иосеф тэдний авчирсан адуу, хонь, ямаа, үхэр болон илжигний оронд талх тариа өгчээ. Иосеф бүх мал сүргийнх нь оронд тэднийг тэр жилдээ талх тариагаар хангав. Тэр жил өнгөрч, дараачийн жил нь тэд Иосефт ирж —Мөнгө дуусаж, мал сүрэг маань эзэнд минь байгааг бид эзнээсээ нуух юун. Эзний минь өмнө өөрсдийн минь зовлого, газар нутгаас маань өөр юу ч үлдсэнгүй. Бид ч, газар нутаг маань ч таны нүдэн дээр яагаад үхэх ёстой юм бэ? Биднийг болон газар нутгийг маань талх тариагаар арилжиж аваач! Бид газар нутагтайгаа хамт Фараоны зарц болцгооё. Бид үхэлгүй, амьд байж газар нутаг маань хоосрохгүйн тулд үр тариа хайрлаач гэв. Тиймээс Иосеф Египетийн бүх газрыг арилжиж аваад Фараонд өгчээ. Хүнд хэцүү өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж, Египетийн хүн бүр өөрийнхөө газрыг худалдав. Ийнхүү газар Фараоных болжээ. Иосеф Египетийн нутгийн нэг захаас нөгөө зах хүртэл хүмүүсийг нь хотуудад нүүлгэн шилжүүлжээ. Зөвхөн тахилчдын газрыг л арилжсангүй. Учир нь тахилчид Фараонаас тогтсон орлоготой, Фараонаас өгдөг тогтсон орлогоор тэд амьдардаг учраас тэд газраа худалдсангүй. Иосеф ард түмэнд —Харагтун, би та нарыг болон та нарын газрыг өнөөдөр Фараонд арилжиж авлаа. Энд үр тариа байна. Одоо газар хөрсөндөө тариалцгаа! Та нар ургацаа хураахдаа тавны нэгийг нь Фараонд өгөөд, үлдсэн дөрвөн хувийг нь харин өөртөө, талбайд тарих үр ба өөрсдөдөө бас гэрийнхэндээ, үр хүүхдүүддээ хоол хүнс болго! гэсэнд тэд —Та бидний амийг аварлаа. Бид эзнийхээ нүдэнд тааллыг олох болтугай! Бид Фараоны зарц болцгооё гэлээ. Иосеф тавны нэг нь Фараонд хамаарах газрын тухай тогтоол гаргасан нь өнөөдрийг хүртэл хүчинтэй ажээ. Зөвхөн тахилчдын газар л Фараоных болсонгүй. Израильчууд Египет нутагт, Гошен газар нутаглан сууж, тэд тэндээ суурьшиж, үржин маш их олшров. Иаков Египетийн нутагт арван долоон жил амьдран сууж, түүний амьдралын хоногууд зуун дөчин долоон жил болов. Израилийн үхэх хоног нь ойртоход хүү Иосефоо дуудаж, түүнд —Би одоо чиний нүдэнд тааллыг олсон бол чи гараа миний өгзгөн доогуур хийж, надад энэрэл хайр ба үнэнээ харуулан, намайг Египетэд битгий оршуулаарай! Харин өвөг дээдэстэйгээ хамт нойрсох цагт минь чи намайг Египетээс аваачиж, тэднийг нутаглуулсан газарт оршуулаарай! гэжээ. Иосеф —Би таны үгээр хийнэ гэж хэлэв. Иаков —Надад тангарагла гэсэнд Иосеф түүнд тангараглаж, Израиль орныхоо толгойн дэргэд сөгдөн мөргөв.