Эхлэл 45:1-28

Эхлэл 45:1-28 АБ2013

Иосеф хажуудаа зогсож байсан бүгдийн өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд —Бүгдээрээ надаас зайлцгаа! хэмээн хашхирчээ. Иосефыг ах дүү нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хэн ч байсангүй. Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ. Иосеф ах дүү нартаа —Би Иосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу? гэсэнд ах дүү нар нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй. Иосеф ах нартаа —Надад ойрт гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф —Би та нарын Египет уруу худалдсан тэр дүү Иосеф чинь байна. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ. Энэ нутагт хоёр жилийн турш өлсгөлөн болсон бөгөөд бас дахин таван жил газар хагалж ч чадахгүй, ургац хурааж ч чадахгүй. Бурхан их авралаараа та нарыг амь хэлтрүүлж, үр удмыг чинь газар дэлхий дээр үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ. Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан. Бурхан намайг Фараоны эцэг, түүний бүх гэрийн эзэн, Египетийн бүх нутгийн захирагч болгосон билээ. Та нар эцэг дээр минь түргэн очиж, түүнд “Таны хүү Иосеф ингэж хэлэв. «Бурхан таны хүү Иосефыг бүх Египетийн эзэн болгожээ. Над дээр бушуухан ирээч. Та үр хүүхэд, ач зээ нар, мал сүрэг, бүх эд хөрөнгийнхөө хамт Гошен нутагт амьдран сууж, надад ойрхон бай. Өлсгөлөн дахин таван жил үргэлжлэх учир би тэнд таныг хангана. Тэгвэл та болон танайхан, таны бүх харьяат ядарч дордохгүй» гээрэй. Харагтун, та нарын нүдэн дээр бас миний дүү Бениамины нүдэн дээр та нарт би амаараа хэллээ шүү. Та нар Египет дэх миний алдар хүндийн тухай болон энд үзэж харсан бүхнээ эцэгт минь цөмийг нь хэлээрэй. Тэгээд эцгийг минь энд яаран авчир!” гээд, дүү Бениаминыхаа хүзүүгээр тэврэн уйлахад Бениамин ч бас түүний хүзүүгээр тэврэн уйлав. Иосеф бас ах нараа үнсээд тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав. Иосефын ах нарын ирсэн тухай сураг Фараоны ордонд сонсогдов. Энэ нь Фараон болон түүний зарц нарын нүдэнд аятай байлаа. Фараон, Иосефт —Ах дүү нартаа “Үүнийг үйлдэцгээ, та нар мал хөсгөө ачаалан хөдөлж, Канаан нутагтаа очоод, эцгээ болон гэр орныхноо дагуулан над дээр хүрч ир! Би та нарт Египетийн хамгийн сайн газрыг өгнө. Та нар тэр газрын өег нүнжгийг хүртэх болно” гэж хэл. Бас чи тушаал авсан тул “Үүнийг үйлдэцгээ, Египет нутгаас хөсөг тэрэг авч, эхнэр хүүхдүүдээ суулган, эцгээ аваад ирцгээ. Та нар эд хөрөнгөндөө харамсах хэрэггүй. Учир нь Египет нутгийн хамаг сайн сайхан юм та нарынх” гэж хэл гэжээ. Израилийн хөвгүүд ёсчлон хийжээ. Иосеф, Фараоны айлдсан ёсоор тэдэнд хөсөг тэрэг болон замын хүнс өгөв. Бас тэрээр хүн бүрд нижгээд хувцас өгч, Бениаминд гурван зуун шекел мөнгө болон таван ээлжийн хувцас өгчээ. Мөн тэрээр эцэгтээ арван эр илжгэнд Египетийн сайн эд бараа ачуулж арван эм илжгэнд эцгийнхээ замд хэрэглэх үр тариа, талх, замын хүнсийг ачуулж явуулав. Тэрээр ах нараа үдэж гаргахдаа —Замдаа битгий хэрэлдээрэй! гэж тэдэнд хэлэв. Тэд Египетээс гарч, Канаан нутагт эцэг Иаковынд хүрч ирэв. Тэгээд эцэгтээ —Иосеф одоо ч амьд байна. Тэрээр Египетийн бүх нутгийн захирагч болжээ гэсэнд Иаков тэдэнд итгээгүй тул түүний зүрх шимширлээ. Тэгтэл тэд Иосефын өөрсдөд нь захиж хэлсэн бүх үгийг эцэгтээ хэлэв. Эцэг Иаков нь өөрийг нь суулгаж аваачихаар Иосефын илгээсэн хөсөг тэрэгнүүдийг хараад, сэтгэл нь сэргэв. Израиль —Одоо боллоо! Миний хүү Иосеф одоо хүртэл амьд байгаа юм байна! Би үхэхээсээ өмнө очиж, түүнийг харъя гэж хэлэв.

Эхлэл 45:1-28 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна