Эхлэл 45

45
Иосеф өөрийгөө ах нартаа таниулав
1Иосеф хажуудаа зогсож байсан бүгдийн өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд
—Бүгдээрээ надаас зайлцгаа! хэмээн хашхирчээ. Иосефыг ах дүү нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хэн ч байсангүй.#Үйл 7:13 2Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ. 3Иосеф ах дүү нартаа
—Би Иосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу? гэсэнд ах дүү нар нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй.
4Иосеф ах нартаа
—Надад ойрт гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф
—Би та нарын Египет уруу худалдсан тэр дүү Иосеф чинь байна. 5Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ. 6Энэ нутагт хоёр жилийн турш өлсгөлөн болсон бөгөөд бас дахин таван жил газар хагалж ч чадахгүй, ургац хурааж ч чадахгүй. 7Бурхан их авралаараа та нарыг амь хэлтрүүлж, үр удмыг чинь газар дэлхий дээр үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ. 8Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан. Бурхан намайг Фараоны эцэг, түүний бүх гэрийн эзэн, Египетийн бүх нутгийн захирагч болгосон билээ. 9Та нар эцэг дээр минь түргэн очиж, түүнд “Таны хүү Иосеф ингэж хэлэв. «Бурхан таны хүү Иосефыг бүх Египетийн эзэн болгожээ. Над дээр бушуухан ирээч.#Үйл 7:14 10Та үр хүүхэд, ач зээ нар, мал сүрэг, бүх эд хөрөнгийнхөө хамт Гошен нутагт амьдран сууж, надад ойрхон бай. 11Өлсгөлөн дахин таван жил үргэлжлэх учир би тэнд таныг хангана. Тэгвэл та болон танайхан, таны бүх харьяат ядарч дордохгүй» гээрэй. 12Харагтун, та нарын нүдэн дээр бас миний дүү Бениамины нүдэн дээр та нарт би амаараа хэллээ шүү. 13Та нар Египет дэх миний алдар хүндийн тухай болон энд үзэж харсан бүхнээ эцэгт минь цөмийг нь хэлээрэй. Тэгээд эцгийг минь энд яаран авчир!” гээд, 14дүү Бениаминыхаа хүзүүгээр тэврэн уйлахад Бениамин ч бас түүний хүзүүгээр тэврэн уйлав. 15Иосеф бас ах нараа үнсээд тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.
16Иосефын ах нарын ирсэн тухай сураг Фараоны ордонд сонсогдов. Энэ нь Фараон болон түүний зарц нарын нүдэнд аятай байлаа. 17Фараон, Иосефт
—Ах дүү нартаа “Үүнийг үйлдэцгээ, та нар мал хөсгөө ачаалан хөдөлж, Канаан нутагтаа очоод, 18эцгээ болон гэр орныхноо дагуулан над дээр хүрч ир! Би та нарт Египетийн хамгийн сайн газрыг өгнө. Та нар тэр газрын өег нүнжгийг хүртэх болно” гэж хэл. 19Бас чи тушаал авсан тул “Үүнийг үйлдэцгээ, Египет нутгаас хөсөг тэрэг авч, эхнэр хүүхдүүдээ суулган, эцгээ аваад ирцгээ. 20Та нар эд хөрөнгөндөө харамсах хэрэггүй. Учир нь Египет нутгийн хамаг сайн сайхан юм та нарынх” гэж хэл гэжээ.
21Израилийн хөвгүүд ёсчлон хийжээ. Иосеф, Фараоны айлдсан ёсоор тэдэнд хөсөг тэрэг болон замын хүнс өгөв. 22Бас тэрээр хүн бүрд нижгээд хувцас өгч, Бениаминд гурван зуун шекел мөнгө болон таван ээлжийн хувцас өгчээ. 23Мөн тэрээр эцэгтээ арван эр илжгэнд Египетийн сайн эд бараа ачуулж арван эм илжгэнд эцгийнхээ замд хэрэглэх үр тариа, талх, замын хүнсийг ачуулж явуулав. 24Тэрээр ах нараа үдэж гаргахдаа
—Замдаа битгий хэрэлдээрэй! гэж тэдэнд хэлэв.
25Тэд Египетээс гарч, Канаан нутагт эцэг Иаковынд хүрч ирэв. 26Тэгээд эцэгтээ
—Иосеф одоо ч амьд байна. Тэрээр Египетийн бүх нутгийн захирагч болжээ гэсэнд Иаков тэдэнд итгээгүй тул түүний зүрх шимширлээ. 27Тэгтэл тэд Иосефын өөрсдөд нь захиж хэлсэн бүх үгийг эцэгтээ хэлэв. Эцэг Иаков нь өөрийг нь суулгаж аваачихаар Иосефын илгээсэн хөсөг тэрэгнүүдийг хараад, сэтгэл нь сэргэв. 28Израиль
—Одоо боллоо! Миний хүү Иосеф одоо хүртэл амьд байгаа юм байна! Би үхэхээсээ өмнө очиж, түүнийг харъя гэж хэлэв.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 45: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Эхлэл 45-д зориулсан видео