Эхлэл 28:1-22

Эхлэл 28:1-22 АБ2013

Исаак Иаковыг дуудаад түүнийг ерөөн, захиж —Чи Канааны охидоос эхнэр бүү ав. Бос, Паддан-Арам уруу эхийнхээ эцэг Бетуелийн гэр уруу явж, тэнд нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав. Төгс Хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг үржүүлж бас олшруулж, чи ард түмнүүдийн чуулган болох болтугай. Абрахамд өгсөн газар буюу чиний цагаачилж суугаа газрыг чамд өвлүүлэхийн тулд Абрахамд өгсөн ерөөлөө чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх болтугай гэв. Исаак Иаковыг илгээсэнд тэрээр Паддан-Арам уруу явж, арам хүн Бетуелийн хүүгийнд очжээ. Тэр нь Иаков, Есав хоёрын эх Ребекагийн ах Лабан байлаа. Есавын нүдэн дээр Исаак, Иаковыг ерөөн адислаж, түүнийг Паддан-Арамаас эхнэр авахуулахаар явуулсан ба “Канааны охидоос эхнэр бүү ав” гэж зааварчлан тушаахыг мөн эх эцэг хоёроо Иаков дуулгавартай дагаж Паддан-Арам уруу явахыг Есав үзлээ. Бас эцэг Исаакт нь Канааны охид таалагдахгүй байгааг Есав харжээ. Тиймд Есав, Ишмаел уруу явж, өөрийн эхнэрүүдээс гадна Абрахамын хүү Ишмаелын охин Махалатыг эхнэр болгон авав. Тэр нь Небаиотын охин дүү юм. Иаков, Беершебагаас гараад Харан уруу явав. Тэрээр нэгэн газар хүрэхэд нар шингэсэн тул тэндээ хонохоор тэндхийн нэг чулууг авч толгой дороо тавиад хажуулжээ. Тэрээр зүүдэлсэнд, харагтун, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан бас дахин харвал түүгээр Бурханы тэнгэрэлч нар өгсөж уруудан байлаа. Тэгтэл, үзэгтүн, ЭЗЭН түүний дээр зогсоод —Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө. Чиний үр удам газрын тоос шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархана. Чамд болон чиний үр удамд дэлхийн бүх овгийн ерөөл байх болно. Харагтун, Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутагт буцааж авчирна. Би чамд амласнаа биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ. Иаков нойрноосоо сэрээд —ЭЗЭН үнэхээр энэ газарт байна. Харин би мэдсэнгүй гэв. Тэрээр айн сүрдэж —Энэ яасан сүрдмээр газар вэ! Энэ бол гарцаагүй Бурханы өргөө төдийгүй тэнгэрийн хаалга юм гэв. Тэгээд Иаков өглөө эрт босож, дэрлэсэн чулуугаа авч багана болгон босгоод дээр нь тос асгав. Энэ газрыг Бетел хэмээн тэрээр нэрлэжээ. Тэр хотыг өмнө нь Луз гэдэг байж. Иаков андгайлан —Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалан бас надад идэх хоол, өмсөх хувцас өгөөд, намайг эцгийн минь гэрт амар тайван буцааж, ЭЗЭН миний Бурхан байвал багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болох болно. Таны надад өгөх бүхний аравны нэгийг би Танд өргөнө гэлээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна