ЭХЛЭЛ 28:1-22

ЭХЛЭЛ 28:1-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

Исаак Иаковыг дуудаад, түүнийг ерөөн, захиж хэлсэн нь —Чи канаанчуудын охидоос эхнэр бүү ав. Чи Паддан-арам уруу хөдөлж, эхийнхээ эцэг Бетуелийн гэрт очиж, тэнд нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав. Төгс хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болгон, чамаар олон үндэстнүүдийг бий болгож, Тэрээр мөн Абрахамд өгсөн ерөөлөө чамд өгч, чамд болон чамтай хамт чиний үр удамд өгч, Абрахамд өгсөн газар буюу чиний түр сууж байгаа газрыг чамд өвлүүлэх болтугай! гэв. Исаак Иаковыг илгээсэнд тэрээр Паддан-арам уруу явж, арам хүн Бетуелийн хүү буюу Иаков, Есав хоёрын эх Ребекагийн ах Лабаныд очжээ. Есавын харж байхад Исаак Иаковыг ерөөн адислаж, түүнийг Паддан-арамаас эхнэр авахуулахаар тийш явуулсан бөгөөд Исаак түүнийг ерөөн адислаж, “Канааны охидоос эхнэр бүү ав” хэмээн тушаажээ. Иаков эх эцэг хоёрынхоо үгийг дуулгавартай дагаж, Паддан-арам уруу явахыг Есав харж байлаа. Бас Есав Канааны охид нь өөрийн эцэг Исаакт таалагдахгүй байгааг ажиглажээ. Тэгээд Есав Ишмаел уруу явж, өөрийн эхнэрүүдээс гадна Абрахамын хүү Ишмаелын охин буюу Небаиотын охин дүү Махалатыг эхнэр болгон авав. Иаков Беершебагаас гараад, Харан уруу явав. Тэгэхэд нар шингэсэн байсан учраас тэрээр нэгэн газар ирж, тэндээ хонохоор тэндхийн нэг чулууг авч, толгой дороо тавиад унтжээ. Зүүдэндээ үзвэл, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан, бас дахин харвал, түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөн уруудан байлаа. Үзтэл, ЭЗЭН түүний дээр зогсоод, —Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө. Чиний үр удам газрын шороо шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархан, дэлхийн бүх үндэстэн чамаас болон чиний үр хүүхдээс ерөөл хүртэх болно. Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ. Иаков зүүднээсээ сэрээд —ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй гэв. Тэрээр айгаад, —Энэ яасан сүрдмээр газар вэ? Энэ бол гарцаагүй Бурханы өргөө, энэ бол тэнгэрийн хаалга байна гэж өгүүлэв. Тэгээд Иаков өглөө эрт босож, дэрлэсэн чулуугаа авч багана болгон босгоод, дээр нь тос асган, тэр газраа Бетел хэмээн нэрлэжээ. Тэр хот уг нь Луз гэдэг нэртэй байжээ. Иаков тангараглаж —Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалж, бас надад идэх хоол, өмсөх хувцас өгч, намайг эцгийн минь гэрт амар тайван буцаавал ЭЗЭН миний Бурхан болж, багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болно. Таны надад өгсөн бүх зүйлийн аравны нэгийг би заавал Танд өргөнө гэлээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 28 унших

ЭХЛЭЛ 28:1-22 Ариун Библи 2013 (АБ2013)

Исаак Иаковыг дуудаад түүнийг ерөөн, захиж —Чи Канааны охидоос эхнэр бүү ав. Бос, Паддан-Арам уруу эхийнхээ эцэг Бетуелийн гэр уруу явж, тэнд нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав. Төгс Хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг үржүүлж бас олшруулж, чи ард түмнүүдийн чуулган болох болтугай. Абрахамд өгсөн газар буюу чиний цагаачилж суугаа газрыг чамд өвлүүлэхийн тулд Абрахамд өгсөн ерөөлөө чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх болтугай гэв. Исаак Иаковыг илгээсэнд тэрээр Паддан-Арам уруу явж, арам хүн Бетуелийн хүүгийнд очжээ. Тэр нь Иаков, Есав хоёрын эх Ребекагийн ах Лабан байлаа. Есавын нүдэн дээр Исаак, Иаковыг ерөөн адислаж, түүнийг Паддан-Арамаас эхнэр авахуулахаар явуулсан ба “Канааны охидоос эхнэр бүү ав” гэж зааварчлан тушаахыг мөн эх эцэг хоёроо Иаков дуулгавартай дагаж Паддан-Арам уруу явахыг Есав үзлээ. Бас эцэг Исаакт нь Канааны охид таалагдахгүй байгааг Есав харжээ. Тиймд Есав, Ишмаел уруу явж, өөрийн эхнэрүүдээс гадна Абрахамын хүү Ишмаелын охин Махалатыг эхнэр болгон авав. Тэр нь Небаиотын охин дүү юм. Иаков, Беершебагаас гараад Харан уруу явав. Тэрээр нэгэн газар хүрэхэд нар шингэсэн тул тэндээ хонохоор тэндхийн нэг чулууг авч толгой дороо тавиад хажуулжээ. Тэрээр зүүдэлсэнд, харагтун, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан бас дахин харвал түүгээр Бурханы тэнгэрэлч нар өгсөж уруудан байлаа. Тэгтэл, үзэгтүн, ЭЗЭН түүний дээр зогсоод —Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө. Чиний үр удам газрын тоос шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархана. Чамд болон чиний үр удамд дэлхийн бүх овгийн ерөөл байх болно. Харагтун, Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутагт буцааж авчирна. Би чамд амласнаа биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ. Иаков нойрноосоо сэрээд —ЭЗЭН үнэхээр энэ газарт байна. Харин би мэдсэнгүй гэв. Тэрээр айн сүрдэж —Энэ яасан сүрдмээр газар вэ! Энэ бол гарцаагүй Бурханы өргөө төдийгүй тэнгэрийн хаалга юм гэв. Тэгээд Иаков өглөө эрт босож, дэрлэсэн чулуугаа авч багана болгон босгоод дээр нь тос асгав. Энэ газрыг Бетел хэмээн тэрээр нэрлэжээ. Тэр хотыг өмнө нь Луз гэдэг байж. Иаков андгайлан —Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалан бас надад идэх хоол, өмсөх хувцас өгөөд, намайг эцгийн минь гэрт амар тайван буцааж, ЭЗЭН миний Бурхан байвал багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болох болно. Таны надад өгөх бүхний аравны нэгийг би Танд өргөнө гэлээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 28 унших