Эхлэл 2:1-17
Эхлэл 2:1-17 АБ2013
Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ. Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов. ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг буй болгосон уг сурвалж ийм билээ. Тэнгэр газар бүтээгдсэн тэр өдөр, ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар тариалах хүн ч үгүй байсан тул хээрийн бут сөөг газарт хараахан үгүй, тариалангийн ургамал ногоо арай ургаагүй, харин газраас уур манан хөөрч, бүх газрын гадаргууг усалдаг байлаа. Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ. ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тариад, урласан хүнээ тэнд авчирч тавьжээ. Бас хөрснөөс ЭЗЭН Бурханы ургуулсан янз бүрийн модод нь хараа булаам, хүнсэнд сайн байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ. Еденээс гарсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс дөрвөн салаа эх авчээ. Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутгийг дайран өнгөрнө. Тэр нутгийн алт нь шижир, тэнд бидолаах хийгээд судалт гартаам ч байжээ. Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн бүх нутгийг дайран өнгөрдөг. Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөн нь Евфрат аж. ЭЗЭН Бурхан хүнийг авчирч, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав. Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв.