ЭХЛЭЛ 2:1-17
ЭХЛЭЛ 2:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ийнхүү тэнгэр газар, бүх юмс бүрэлдэн тогтжээ. Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ. Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов. Учир нь Бурхан Өөрийн хийж, бүтээж байсан бүх ажлаа дуусгаж, энэ өдөр амарсан билээ. ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг бүтээсэн тэр цагт тэнгэр газар бүтээгдсэн нь ийн болой. ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар хагалах хүн байгаагүй учир хээр талд мод бут хараахан байхгүй, тариалах талбайд ургамал ногоо арай ургаагүй байжээ. Газар дэлхийгээс манан будан хөөрч, бүх газрын гадаргууг услав. ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ. ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг байгуулаад, тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирч тавьжээ. ЭЗЭН Бурхан тэнд янз бүрийн моддыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амин мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ. Еденээс эх авсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс бас дөрвөн мөрөн эх аван салжээ. Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутаг дэвсгэрийг дайран өнгөрнө. Тэр нутгийн алт нь шижир, тэнд бделлиум хэмээх сувд хийгээд оникс байдаг байжээ. Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн нутгийг дайран өнгөрнө. Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөнг Евфрат гэдэг юм. ЭЗЭН Бурхан хүнийг аваад, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд тэнд суулгав. Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв. —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав.
ЭХЛЭЛ 2:1-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ. Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов. ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг буй болгосон уг сурвалж ийм билээ. Тэнгэр газар бүтээгдсэн тэр өдөр, ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар тариалах хүн ч үгүй байсан тул хээрийн бут сөөг газарт хараахан үгүй, тариалангийн ургамал ногоо арай ургаагүй, харин газраас уур манан хөөрч, бүх газрын гадаргууг усалдаг байлаа. Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ. ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тариад, урласан хүнээ тэнд авчирч тавьжээ. Бас хөрснөөс ЭЗЭН Бурханы ургуулсан янз бүрийн модод нь хараа булаам, хүнсэнд сайн байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ. Еденээс гарсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс дөрвөн салаа эх авчээ. Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутгийг дайран өнгөрнө. Тэр нутгийн алт нь шижир, тэнд бидолаах хийгээд судалт гартаам ч байжээ. Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн бүх нутгийг дайран өнгөрдөг. Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөн нь Евфрат аж. ЭЗЭН Бурхан хүнийг авчирч, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав. Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв.