Эхлэл 17:15-27

Эхлэл 17:15-27 АБ2013

Бурхан, Абрахамд —Чиний эхнэр Сараин хувьд чи түүнийг Сараи гэж дуудахгүй харин түүний нэр Сара байх болно. Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, түүгээр үндэстнүүдийг бий болгох бөгөөд үндэстнүүдийн хаад түүнээс гарна гэж айлдав. Тэгэхэд Абрахам нүүрээрээ газар унан инээж —Зуун настай хүнд хүү төрнө гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж зүрхэн дотроо хэлжээ. Абрахам, Бурханд —Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хэлсэнд Бурхан —Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд хүү төрүүлж өгнө. Чи түүнийг Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээ байгуулж, түүний үр удамтай энэ гэрээгээ мөнхийн гэрээ болгон байгуулна. Ишмаелын тухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Харагтун, Би түүнийг ерөөж, үржүүлэн онцгой ихээр олшруулна. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно. Харин Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. Тэгээд Бурхан, Абрахамд айлдсан яриагаа дуусгаж түүнээс салан дээш одов. Абрахам, Ишмаел хүүгээ болон гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөр худалдаж авсан бүх хүнээ, гэрийнхнийхээ бүх эр хүйстэнг аваад, яг тэр өдөртөө Бурханы хэлсэн ёсоор тээрхийн арьсыг нь тануулжээ. Абрахам тээрхийн арьсаа тануулахдаа ерэн есөн настай, түүний хүү Ишмаел тээрхийн арьсаа тануулахдаа арван гурван настай байжээ. Тэр өдөртөө Абрахам хийгээд түүний хүү Ишмаел ийнхүү хозлуулжээ. Түүний гэрийнхэн, түүний гэрт төрөгсөд хийгээд гаднын хүнээс мөнгөөр худалдаж авсан бүх эр хүйстэн нь түүнтэй хамт хозлуулжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна