ЭХЛЭЛ 17:15-27

ЭХЛЭЛ 17:15-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурхан Абрахамд —Чи эхнэрээ Сараи гэж дуудахгүй, түүний нэрийг Сара гэнэ. Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, үндэстнүүдийн эх болгон, улсын хаад түүнээс гарна гэсэнд Абрахам нүүрээрээ газар унан, инээж, —Зуун настай хүн хүүтэй болно гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж дотроо өгүүлжээ. Абрахам Бурханд хандаж —Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хүссэнд Бурхан —Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг нь Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээгээ байгуулж, энэ нь түүний үр удамд мөнхийн гэрээ болно. Ишмаелын тухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Би түүнийг ерөөж, олон үр хүүхэдтэй, маш өнөр өтгөн болгоно. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно. Харин Би гэрээгээ Сарагийн чамд ирэх жилийн өдийд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. Тэгээд Бурхан Абрахамтай хийсэн яриагаа дуусгаж, түүнээс салан, дээш одов. Абрахам Ишмаел хүүгээ, бас гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөрөө худалдаж авсан бүх хүн, гэрийнхний бүх эр хүйстэнг аваад, Бурханы хэлсэн ёсоор яг тэр өдөртөө хөвч хөндөх ёслол үйлджээ. Абрахам хөвчөө хөндүүлэхдээ ерэн есөн настай, түүний хүү Ишмаел хөвчөө хөндүүлэхдээ арван гурван настай байжээ. Тэр өдөртөө Абрахам хийгээд түүний хүү Ишмаел хөвч хөндөх ёслолыг хийлгэжээ. Түүний гэрийнхний эр хүйстэн бүгд, түүний гэрт төрөгсөд хийгээд харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүмүүс цөм түүнтэй хамт хөвчөө хөндүүлжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 17 унших

ЭХЛЭЛ 17:15-27 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурхан, Абрахамд —Чиний эхнэр Сараин хувьд чи түүнийг Сараи гэж дуудахгүй харин түүний нэр Сара байх болно. Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, түүгээр үндэстнүүдийг бий болгох бөгөөд үндэстнүүдийн хаад түүнээс гарна гэж айлдав. Тэгэхэд Абрахам нүүрээрээ газар унан инээж —Зуун настай хүнд хүү төрнө гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж зүрхэн дотроо хэлжээ. Абрахам, Бурханд —Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хэлсэнд Бурхан —Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд хүү төрүүлж өгнө. Чи түүнийг Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээ байгуулж, түүний үр удамтай энэ гэрээгээ мөнхийн гэрээ болгон байгуулна. Ишмаелын тухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Харагтун, Би түүнийг ерөөж, үржүүлэн онцгой ихээр олшруулна. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно. Харин Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. Тэгээд Бурхан, Абрахамд айлдсан яриагаа дуусгаж түүнээс салан дээш одов. Абрахам, Ишмаел хүүгээ болон гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөр худалдаж авсан бүх хүнээ, гэрийнхнийхээ бүх эр хүйстэнг аваад, яг тэр өдөртөө Бурханы хэлсэн ёсоор тээрхийн арьсыг нь тануулжээ. Абрахам тээрхийн арьсаа тануулахдаа ерэн есөн настай, түүний хүү Ишмаел тээрхийн арьсаа тануулахдаа арван гурван настай байжээ. Тэр өдөртөө Абрахам хийгээд түүний хүү Ишмаел ийнхүү хозлуулжээ. Түүний гэрийнхэн, түүний гэрт төрөгсөд хийгээд гаднын хүнээс мөнгөөр худалдаж авсан бүх эр хүйстэн нь түүнтэй хамт хозлуулжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 17 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна