Езра 7:1-10
Езра 7:1-10 АБ2013
Эдгээр явдлын дараа, Персийн хаан Артаксерксийн хаанчлалын үед Езра гарч ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сераиа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү, Хилкиа нь Шаллумын хүү, Шаллум нь Задокийн хүү, Задок нь Ахитубын хүү, Ахитуб нь Амариагийн хүү, Амариа нь Азариагийн хүү, Азариа нь Мераиотын хүү, Мераиот нь Зерахиагийн хүү, Зерахиа нь Уззийн хүү, Уззи нь Буккийн хүү, Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв. Езра нь Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. ЭЗЭН Бурханых нь мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ. Израилийн хөвгүүдийн зарим нь, тахилч нарын зарим нь, левичүүд, дуучид, дааман хаалганы сахиулууд, сүмийн үйлчлэгчид Артаксеркс хааны долдугаар онд Иерусалим уруу явцгаав. Тэрээр хааны долдугаар оны тавдугаар сард Иерусалимд ирэв. Нэгдүгээр сарын нэгэнд Вавилоноос аян зам эхэлж, Бурханых нь ивээлт мутар түүний дээр байсан учир тавдугаар сарын нэгэнд Иерусалимд иржээ. Учир нь Езра, ЭЗЭНий хуулийг судалж, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний тогтоол, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.