Езра 7

7
Езрагийн үйлс
1Эдгээр явдлын дараа, Персийн хаан Артаксерксийн хаанчлалын үед Езра гарч ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сераиа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү, 2Хилкиа нь Шаллумын хүү, Шаллум нь Задокийн хүү, Задок нь Ахитубын хүү, 3Ахитуб нь Амариагийн хүү, Амариа нь Азариагийн хүү, Азариа нь Мераиотын хүү, 4Мераиот нь Зерахиагийн хүү, Зерахиа нь Уззийн хүү, Уззи нь Буккийн хүү, 5Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв. 6Езра нь Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. ЭЗЭН Бурханых нь мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ. 7Израилийн хөвгүүдийн зарим нь, тахилч нарын зарим нь, левичүүд, дуучид, дааман хаалганы сахиулууд, сүмийн үйлчлэгчид Артаксеркс хааны долдугаар онд Иерусалим уруу явцгаав. 8Тэрээр хааны долдугаар оны тавдугаар сард Иерусалимд ирэв. 9Нэгдүгээр сарын нэгэнд Вавилоноос аян зам эхэлж, Бурханых нь ивээлт мутар түүний дээр байсан учир тавдугаар сарын нэгэнд Иерусалимд иржээ. 10Учир нь Езра, ЭЗЭНий хуулийг судалж, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний тогтоол, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.
Езрад бичсэн Артаксеркс хааны захидал
11ЭЗЭНий тушаалуудын үгс ба Түүний Израильд өгсөн тогтоолд суралцсан гүүш, тахилч Езрад өгсөн хаан Артаксерксийн захидлын хуулбарыг сийрүүлбэл, 12“Хаадын хаан Артаксерксээс тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езрад: Төгс амгалан байтугай!#7:12 Энэ бүлгийн 12–26-р эшлэл арамаар бичигдсэн бөгөөд утга тодорхойгүй нэг арам үг энэ эшлэлд бий. (4:7 үз.) 13Одоо миний хаанчлалд буй, Иерусалим уруу явахыг хүсэж байгаа Израилийн ямар ч хүн, тэдний тахилч нар ба левичүүд чамтай хамт явж болно гэж би зарлиг буулгав. 14Чи өөрийн гарт буй, Бурханыхаа хуулийн дагуу Иерусалим болон Иудагийн талаар судлахаар хаан ба түүний долоон зөвлөгчөөс томилогдон илгээгдэж буй тул, 15Иерусалимд оршихуй нь буй Израилийн Бурханд хаан ба түүний зөвлөх нарын сайн дураар өргөсөн алт, мөнгө, 16Вавилоны бүхий л аймгаас чиний авах бүх алт, мөнгөний хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар ба ард түмний сайн дурын өргөлийг аваад яв. 17Чи бух, хуц бас хургануудыг хичээнгүйлэн худалдаж аваад тэднийг идээн өргөл болон ундаан өргөлтэй хамт Иерусалим дахь Бурханыхаа өргөөний тахилын ширээн дээр өргө! 18Бурханыхаа хүслийн дагуу чиний бас ахан дүүсийн чинь нүдэнд юу тааламжтай гэснээ чи дээрхээс үлдсэн алт, мөнгөөр хийж болно. 19Бас чиний Бурханы өргөөний үйлчлэлд зориулан чамд өгсөн сав суулгыг Иерусалимын Бурханы өмнө иж бүрэн хүргэ! 20Бурханы өргөөний үлдсэн хэрэгцээг хангах хэрэг чамд гарвал тэдгээрийг хааны эрдэнэсийн сангаас ханга! 21Хаан Артаксеркс би өөрөө Евфрат мөрний тэртээх бүх жасын няравт зарлиг гаргаж байна. Тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езра та нараас юу хүснэ, тэр нь чанд гүйцэтгэгдэх ёстой. 22Зуун мөнгөн талант, зуун кор буудай, зуун бат дарс, зуун бат тос мөн давсыг хэрэгтэй хэмжээгээр өг! 23Тэнгэрийн Бурханы тушаасан бүхэн тэнгэрийн Бурханы өргөөнд хичээл зүтгэлтэйгээр үйлдэгдэг. Учир нь, яагаад хааны эзэнт улс болон түүний хөвгүүд дээр хилэн буух ёстой гэж? 24Мөн тахилч нар, левичүүд, дуучид, хаалгачид, Нетиним эсвэл Бурханы өргөөний зарц нарын хэнд ч алба гувчуур, гааль татвар ногдуулж болохгүй гэдгийг бид та нарт мэдэгдэж байна. 25Езра, чи өөрийн гарт буй Бурханыхаа мэргэн ухааны дагуу Евфрат мөрний тэртээх бүх ард түмнийг болон чиний Бурханы хуулиудыг мэддэг ард түмнийг ч хүртэл шүүх шүүгчид ба шүүн шийтгэгчдийг томил. Мэдэхгүй аливаа хүнд зааж өг. 26Чиний Бурханы хуулийг болон хааны хуулийг үл сахигч хэнийг ч болов хатуу яллаж, алах эсвэл цөлөх эсвэл эд хөрөнгийг нь хураах эсвэл шоронд хорих ял тохоон гүйцэтгэг.”
27Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг гайхамшигтай сайхан болгох энэ зүйлийг хааны зүрхэнд оруулсан, эцэг өвгөдийн маань Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. 28Учир нь Тэр, хаан хийгээд хааны зөвлөхүүдийн өмнө, хааны бүх хүчирхэг ноёдын өмнө надад энэрэл хайраа сунгасан. Харин миний Бурхан ЭЗЭНий мутар над дээр байсан учир би зориг орж, Израилийн удирдагчдыг өөртэйгөө хамт явуулахаар цуглуулав.

Одоогоор Сонгогдсон:

Езра 7: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү