Езра 1
1
Вавилоны олзлол эцэслэв
1Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийн#1:1 Кореш: МЭӨ 539 онд Вавилоныг эзлэн авч хаанчилсан Персийн хаан. анхдугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарлигтаа тунхаглахдаа #Иер 25:11, 29:10 2“Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Иерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав.#Иса 44:28 3Бурханы ард түмнээс та нарын дунд буй хэнтэй нь ч тэр, Бурхан хамт байг! Тэд Иуда дахь Иерусалим уруу явж, Израилийн Бурхан, ЭЗЭНий өргөөг дахин бариг. Тэр бол Иерусалимд байдаг Бурхан мөн. 4Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулах сайн дурын өргөл бас мөнгө, алт, эд бараа, мал сүргээр Түүний амьд үлдсэн бүх хүнийг хаа байгаа газрынх нь хүмүүс тэтгэх болтугай»” гэв.
5Тэгэхэд Иуда болон Бениамины эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, тахилч нар ба левичүүд бас Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг барихын тулд явуулахаар Бурханаас сүнсийг нь хөдөлгөсөн хүн бүр босоцгоов. 6Тэдний бүх хөрш сайн дурын бүх өргөлөөс гадна мөнгөн эд зүйлс, алт, эд бараа, мал сүрэг болон үнэт зүйлсийг дэмжлэг болгон тэдэнд гардуулав. 7Мөн Иерусалимаас Небухаднезарын авч одоод өөрийн бурхдын гэрт өгсөн байсан, ЭЗЭНий өргөөний эд юмсыг Кореш хаан гаргаж ирэв. 8Персийн хаан Кореш тэдгээр эд юмсыг эрдэнэсийн нярав Митредатын хамгаалалтад авчирлаа. Тэрээр Иудагийн ноён Шешбазарт тоогоор нь өгөв. 9Тэдгээрийн тоо гучин алтан таваг, мянган мөнгөн таваг, хорин есөн хутга, 10гучин алтан аяга, дөрвөн зуун арван мөнгөн аяга болон хоёрдугаар зэргийн бусад эд юмс нэг мянга байв. 11Бүх алт, мөнгөн эд юмс таван мянга дөрвөн зуу байв. Цөлөгдөгсдийг Вавилоноос Иерусалим уруу авчрахдаа Шешбазар энэ бүгдийг хамт аваачив.
Одоогоор Сонгогдсон:
Езра 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.