Езекиел 7

7
Гамшиг айсуй
1ЭЗЭНий үг надад ирж
2Хүний хүү, Израилийн нутагт Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Төгсгөл! Газрын дөрвөн буланд эцэс төгсгөл иржээ. 3Эдүгээ төгсгөл чиний дээр бөгөөд Би уураа чиний эсрэг илгээж, чамайг замналын чинь дагуу шүүн хамаг жигшүүрийг чинь чиний дээр буцаан төлж буулгана. 4Миний мэлмий чамайг өрөвдөхгүй, Би чамайг өршөөхгүй. Харин Би замналын чинь дагуу буцаан төлөх бөгөөд жигшүүрүүд чинь та нарын дунд байна. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.” 5Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
—Харагтун, гамшгийн араас гамшиг ирж байна! 6Төгсгөл иржээ. Төгсгөл ирэв. Чиний эсрэг босов. Харагтун, энэ нь иржээ! 7Дэлхийн оршин суугч аа, чиний дээр хувь зохиол чинь иржээ. Цаг нь ирэв. Уулсын дээр баярт уухай бус, үймээн самууны өдөр ойртож байна. 8Тун удахгүй Би уураа чам дээр асгаж, хилэнгээ чиний эсрэг гүйцээнэ. Би чамайг замналын чинь дагуу шүүн чиний дээр хамаг жигшүүрийг чинь нөхөн төлнө. 9Мэлмий минь өрөвдөхгүй, Би өршөөхгүй. Жигшүүрүүд чинь чиний дунд байсаар байх үед Би замналын чинь дагуу чамд нөхөн төлнө. Тэгэхэд цохигч нь ЭЗЭН Би гэдгийг та нар мэднэ. 10Харагтун, тэр өдөр! Харагтун, тэр ирж байна! Мөхөл чинь гарч ирлээ. Таяг нахиалж, их зан цэцэглэсэн. 11Хүчирхийлэл нь хорон муугийн таяг болтол өссөн. Тэдний хэн нь ч, хурсан олных нь хэн нь ч, баялаг нь ч, тэдний дундах алдартай юу нь ч алга. 12Тэр цаг ирэв. Тэр өдөр хүрээд ирлээ. Худалдан авагч нь бүү баясаг. Худалдагч нь бүү гашуудаг. Учир нь хилэн хамаг олных нь эсрэг байна. 13Тэдний аль аль нь амьд байх үед худалдагч нь худалдсан юмаа буцааж авахгүй. Олон түмний тухай үзэгдэл ч цуцлагдахгүй, тэдний хэн нь ч хилэнцээрээ амьдралаа батжуулахгүй. 14Тэд бүрээ үлээж бүгдийг бэлэн болгосон ч, хэн ч тулалдаанд үл орно. Учир нь хилэн минь бүх олон түмнийх нь эсрэг юм. 15Илд нь гадна байж, гамшиг, өлсгөлөн нь дотор байна. Хээр байгч нь илдэнд алагдаж мөн хотод байгчдыг нь өлсгөлөн, гамшиг устгах болно. 16Харин тэднээс амьд үлдэгсэд нь зугтан хөндийн тагтаанууд адил гашуудан бүгдээр ууланд байх бөгөөд хүн бүр хилэнцийнхээ улмаас гашуудна. 17Хамаг гар суларч, хамаг өвдөг ус мэт болно. 18Тэд өөрсдийгөө таараар ороон айдас жихүүдэс тэднийг нөмөрнө. Бүх нүүрэн дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно. 19Тэд мөнгөө гудамж уруу чулуудаж, алт нь бузар зүйл мэт болно. ЭЗЭНий хилэнгийн өдөр мөнгө, алт нь тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд сэтгэлээ ханган цатгаж, гэдэс дотроо ч дүүргэж үл чадна. Учир нь тэдний хилэнц нь бүдрэх чулуу болжээ.
20Тэд хээ чимэглэлээ сайрхал болгож, ой гутам юмсынхаа жигшүүрт хөргийг бүтээв. Тиймээс Би тэдэнд үүнийг бузар юм болгоно. 21Би түүнийг харь хүмүүсийн гарт дээрмийн зүйлс болгон өгч, дэлхийн гэм буруутнуудын олз болгон тушааж, тэд түүнийг буртаглана. 22Бас тэднээс нүүрээ буруулахад тэд нандин газрыг минь буртаглана. Дээрэмчид орж, түүнийг буртаглана. 23Гинж хий. Учир нь газар нутаг цуст аллагаар дүүрэн, хот нь хүчирхийллээр дүүрэн байна. 24Тиймээс Би үндэстнүүдийн хамгийн мууг нь авчирч, гэрүүдийг нь эзлүүлнэ. Би бас хүчит нэгний бардамналыг зогсоож, ариун газрууд нь бузарлагдана. 25Зовлон ирэхэд тэд амар амгаланг эрэх боловч тэр нь байхгүй. 26Гай гамшиг дээр гай гамшиг ирж, цуурхал нь цуурхлаар нэмэгдэнэ. Тэгээд тэд эш үзүүлэгчээс үзэгдлийг эрэх боловч тахилчаас хууль нь, ахмадуудаас зөвлөгөө нь алдагдана. 27Хаан гашуудаж, ноёд нь айдсыг өмсөж нутгийн ард түмний гар нь чичирнэ. Байгаа байдлынх нь дагуу Би тэдэнтэй харьцаж, шүүлтүүдээр нь Би тэднийг шүүх болно. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 7: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү