Езекиел 39

39
Гогийн цэргийн сүйрэл
1Хүний хүү чи, Гогийн эсрэг эш үзүүлэн өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Мешех, Тубалын тэргүүн ноён болох Гог оо. Би чиний эсрэг байна. 2Би чамайг эргүүлж, чамайг тууж, умардын хамгийн алслагдсан хэсгээс чамайг авч, Израилийн уулсын эсрэг авчрах болно. 3Би чиний зүүн гараас нумыг чинь цохин унагаж, баруун гараас чинь сумнуудыг чинь авч чулуудна. 4Чи өөрөө, хамаг цэрэг чинь, чамтай хамт буй ард түмнүүд бүгд Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувуу, хээрийн араатанд идэш болгон өгнө. 5Чи задгай талд унана. Учир нь Би үүнийг айлдсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 6«Би Магог дээр ба арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 7Би ариун нэрээ Миний ард түмэн Израилийн дунд мэдүүлэх болно. Ариун нэр минь дахин бузарлагдахыг Би зөвшөөрөхгүй. Үндэстнүүд Намайг Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 8Харагтун, тэр нь ирж байгаа бөгөөд биелэгдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Тэр нь Миний айлдсан нөгөө өдөр мөн. 9Дараа нь Израилийн хотуудын оршин суугч нь гадагш гарч, зэвсгүүдээр гал асааж, бамбай, халхавч, нум, сум, бороохой, жадыг шатааж, долоон жилийн турш тэдгээрээр гал асаах болно. 10Тэд хээрээс мод авахгүй, ойгоос түлээ цуглуулахгүй. Учир нь тэд зэвсгээр гал шатаах болно. Дээрэмдсэн юмсыг нь тэд дээрэмдэж, тоносон хүмүүсийн олзыг нь тэд булаах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”
Гогийн оршуулга
11«Тэр өдөр Би Израилийн дотор оршуулах газрыг Гогт өгөх болно. Тэр нь тэнгисийн зүүн эргээр өнгөрөгчдийн хөндий бөгөөд түүгээр өнгөрөх хүмүүсийг тэр гацаах болно. Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилж, түүнийг Хамон-гогийн хөндий гэж нэрлэх болно. 12Газар нутгийг цэвэрлэхийн тулд долоон сарын туршид Израилийн гэр нь тэднийг булшилсаар байна. 13Тэр нутгийн хамаг ард олон ч хүртэл тэднийг булшлах болно. Би Өөрийгөө алдаршуулах өдөрт энэ нь тэдэнд нэр алдрыг авчирна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 14«Тэр нутгаар байнга дайран явах хүмүүсийг тэд тусгаарлаж, өнгөрөн явсан хүмүүсийг булшилж, бүр газрын гадарга дээр үлдсэнийг ч булж, түүнийг цэвэрлэх болно. Долоон сарын төгсгөлд тэд хайгуул хийнэ. 15Нутгаар дайран өнгөрөгчтэй адил өнгөрөн явж, хүний ясыг үзсэн хэн нэгэн нь түүнийг Хамон-гогийн хөндийд булшлагчид булах хүртэл нь түүний дэргэд тэмдэг босгох болно. 16Хотын нэр нь ч хүртэл Хамона гэгдэх болно. Ийнхүү тэд нутгийг цэвэрлэх болно.» 17Хүний хүү чиний хувьд, Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
— Аливаа төрлийн шувууд, хээрийн аливаа араатанд хэлэгтүн. «Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилийн уулсын дээрх асар их тахил болгон та нарын төлөө Миний өргөх гэж байгаа тахил уруу тал бүрээс цуглар.#Илч 19:17–18 18Та нар хүчтэнүүдийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуц, хурга, ухна, бух буюу бүгд Башаны таргалуулсан мал юм. 19Тийнхүү та нарын төлөө Миний өргөсөн тахилаас та нар цадталаа өөх идэж, согттолоо цус уух болно. 20Та нар Миний ширээнд морьд, тэрэгчид, хүчит эрс болоод бүх дайчнаар цадна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Израиль сэргэн босно
21«Би үндэстнүүдийн дунд цог жавхлангаа илэрхийлнэ. Бүх үндэстэн Миний хэрэгжүүлсэн шүүлтийг мөн тэдний дээр тавьсан Миний мутрыг харах болно. 22Тэр өдрөөс хойш Израилийн гэр Намайг өөрсдийнхөө Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 23Израилийн гэр Надад хийсэн хилэнцийнхээ улмаас цөлөгдсөн гэдгийг үндэстнүүд мэдэх болно. Тиймээс Би тэднээс нүүрээ нуун Би тэднийг дайснуудынх нь гарт өгч, тэд бүгд илдэнд унасан байсан билээ. 24Бузар явдал, гэмт үйлдлийнх нь дагуу Би тэдэнтэй харьцаж, нүүрээ тэднээс нуусан» гэв. 25Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, тэднийг сэргээн, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би ариун нэрийнхээ төлөө хартай байх болно. 26Тэд төрөлх нутагтаа амар тайван амьдарч, тэднийг айлгах хүнгүй болоход ичгүүр гутамшигаа, Миний эсрэг хийсэн бүхий л харш юмсаа тэд мартах болно. 27Би тэднийг ард түмнүүдийн дундаас буцааж, дайснуудынх нь газраас тэднийг цуглуулах үед Би олон үндэстний нүдний өмнө тэднээр дамжуулан ариусгагдах болно. 28Тэгэхэд тэд Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь Би тэднийг үндэстнүүдийн дунд цөллөгт явуулж, дараа нь тэднийг төрөлх нутагт нь дахин цуглуулсан. Би тэднээс нэгийг нь ч тэнд цаашид үлдээхгүй. 29Би хойшид нүүрээ тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Сүнсээ асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 39: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү