Езекиел 40
40
Шинэ сүмийн үзэгдэл
1Бидний цөлөгдсөний хорин тав дахь оны эхэнд, сарын арванд буюу хот эзлэгдсэнээс хойш арван дөрөв дэх жилийн яг тэр өдөр ЭЗЭНий мутар миний дээр байлаа. Тэр намайг тэртээд авчрав. 2Бурханы үзэгдлүүд дотор Израилийн газарт Тэр намайг ирүүлж, маш өндөр уулан дээр буулгахад, өмнө зүгт хот мэт нэгэн байгууламж байв.#Илч 21:10 3Ийнхүү Тэр намайг тэнд авчрав. Харагтун, гартаа олсон хэмжүүр ба хэмжих саваа барьсан нэгэн хүн тэнд байсан бөгөөд түүний дүр нь хүрэл мэт дүртэй ажээ. Тэр үүдэнд зогсож байв.#Илч 11:1, 21:15 4Тэр хүн надад
—Хүний хүү! Миний чамд үзүүлэх бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, үүнд зүрхээ хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүхнээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв.
5Харагтун, тэнд сүмийн гадна талд түүнийг хүрээлсэн нэгэн хэрэм байв. Нөгөө хүний гар дахь хэмжих саваа нь зургаан урт тохой бөгөөд тохой бүр нь үзүүр тохой хэмжээтэй аж. Тэрээр хэрмийн зузааныг хэмжихэд нэг саваа болж, түүний өндөр нь нэг саваа болов.#1Ха 6:1–38; 2Шс 3:1–9 6Тэгээд тэр зүүн зүгийг харсан хаалганд очиж, шатаар нь өгсөж, хаалганы босгыг хэмжихэд түүний өргөн нь нэг саваа болсон. 7Харуулын өрөөний урт нь нэг саваа, өргөн нь нэг саваа байв. Харуулын өрөөнүүдийн хооронд таван тохой байв. Дотор тал уруу харсан хаалганы үүдний танхимын дэргэдэх хаалганы босго нь нэг саваа байв. 8Дотор тал уруу харсан хаалганы үүдний танхимыг тэр хэмжихэд нэг саваа байв. 9Тэрээр хаалганы үүдний танхимыг хэмжихэд найман тохой, түүний хажуугийн багананууд хоёр тохой байв. Дааман хаалганы үүдний танхим нь дотор тал уруу харсан байв. 10Зүүн зүгийг харсан дааман хаалганы харуулын өрөөнүүд нь хоёр талдаа гурав гурваар байсан. Тэд гурвуулаа адил хэмжээтэй байв. Хажуугийн багананууд ч бас хоёр талдаа ижил хэмжээтэй байв. 11Тэрээр үүдний өргөнийг хэмжихэд арван тохой, дааман хаалганы урт нь арван гурван тохой байв. 12Харуулын өрөөнүүдийн урд, аль аль талд нь нэг тохой өргөнтэй тусгаарлах хана байв. Харуулын өрөөнүүд нь дөрвөлжин, тал бүрдээ зургаан тохой байв. 13Тэрээр нэг харуулын өрөөний дээврээс нөгөө харуулын өрөөний дээвэр хүртэл хаалгыг хэмжихэд нэг үүднээс эсрэг талын үүд хүртэлх өргөн нь хорин таван тохой байв. 14Тэр хажуугийн баганануудыг жаран тохой өндөр болгов. Хаалга нь эргэн тойрондоо хашааны хажуугийн багананууд уруу тэлжээ. 15Орох дааман хаалганы урд талаас дааман хаалганы дотоод танхимын урд тал хүртэл тавин тохой байв. 16Харуулын өрөөнүүд уруу, хаалганы дотор талд эргэн тойронд буй хажуугийн багананууд уруу нь харсан сараалжтай цонхнууд байсан бөгөөд үүдний танхимуудад мөн тийм байв. Дотор талын эргэн тойронд ч цонхнууд байлаа. Хажуугийн багана бүр дээр далдуу модыг сийлсэн байв. 17Тэгээд тэр намайг гаднах хашаанд авчрав. Харагтун, тэнд эргэн тойронд хашаанд зориулж хийгдсэн танхимууд мөн засмал зам байв. Гучин танхим нь засмал зам уруу харж байв. 18Засмал зам нь (энэ нь доодох засмал зам) дааман хаалгануудын хажуу талаар дааман хаалгануудын урттай тэнцэж байв. 19Тэгээд тэр доодох дааман хаалганы урд талаас дотоод хүрээний гадна зах хүртэлх өргөнийг хэмжихэд зүүн зүг ба хойд зүгт зуун тохой байв.#40:19 Еврейд нь энэ эшлэл утга тодорхойгүй хоёр үгийг багтаасан байдаг.
20Хойд зүгийг харсан гаднах хашааны дааман хаалганы хувьд, тэрээр түүний урт, өргөнийг хэмжив. 21Тэр нь хоёр талдаа гурав гурван харуулын өрөөтэй байв. Хажуугийн багананууд болон үүдний танхимууд нь эхний дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байлаа. 22Түүний цонх, үүдний танхим, далдуу модны сийлбэрүүд нь зүүн зүгийг харсан дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Долоон гишгүүрээр өгсөж түүнд хүрэх бөгөөд тэдгээрийн урд талд үүдний танхим нь байв. 23Дотоод хүрээ нь зүүн зүгийнхтэй адил хойд зүгийн дааман хаалганы харалдаа хаалгатай байв. Тэрээр хэмжсэнд дааман хаалганаас дааман хаалга хүртэл зуун тохой байв.
24Дараа нь тэр намайг өмнө зүг уруу дагуулж явахад, харагтун, тэнд өмнө зүгт дааман хаалга байсан. Тэрээр хажуугийн багананууд ба үүдний танхимуудыг адилхан хэмжүүрээр хэмжив. 25Дааман хаалга ба үүдний танхимууд нь эргэн тойрондоо мөнөөх бусад цонхнуудтай адил цонхнуудтай байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв. 26Тэнд дээш өгсөх долоон гишгүүр, тэдгээрийн урд үүдний танхимууд нь байв. Түүний хоёр талын тусбүрийн хажуугийн багананд далдуу модны сийлбэр байв. 27Дотоод хүрээ нь өмнө зүг харсан дааман хаалгатай байв. Тэрээр өмнө зүгийг чиглэн дааман хаалганаас дааман хаалга уруу хэмжихэд зуун тохой байв.
28Дараа нь тэр намайг өмнөд дааман хаалгаар дотоод хүрээнд авчрав. Тэрээр өмнөд дааман хаалгыг мөнхүү адил хэмжүүрээр хэмжив. 29Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн багананууд, үүдний танхимууд нь бусадтай адил хэмжээтэй байв. Дааман хаалга ба үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв. 30Тэнд эргэн тойронд үүдний танхимууд байсан бөгөөд урт нь хорин таван тохой, өргөн нь таван тохой байв. 31Үүдний танхимууд нь гаднах хашаа уруу харсан байв. Хажуугийн баганануудад нь далдуу модыг сийлсэн, түүний шат нь найман гишгүүртэй байв. 32Тэр намайг дотоод хүрээний зүүн талд дагуулж ирэв. Тэрээр мөн адил хэмжээгээр дааман хаалгыг хэмжив. 33Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн багананууд нь, үүдний танхимууд нь мөн адил хэмжээтэй байв. Дааман хаалга ба түүний үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв. 34Үүдний танхимууд нь гаднах хашаа уруу харжээ. Хоёр талд нь хажуугийн багананууд дээр далдуу модыг сийлсэн, шат нь найман гишгүүртэй байв. 35Дараа нь тэр намайг хойд дааман хаалга уруу авчрав. Тэрээр түүнийг мөн адил хэмжээгээр хэмжив. 36Түүний харуулын өрөөнүүдийг, хажуугийн баганануудыг, үүдний танхимуудыг хэмжив. Дааман хаалга нь эргэн тойрондоо цонхтой байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой ажээ. 37Үүдний танхим нь гаднах хашаа уруу харжээ. Хоёр талд нь байх хажуугийн багананууд дээр далдуу модыг тал бүрд нь сийлсэн байх агаад тэр хүртэл найман гишгүүртэй шат байв.
38Үүд бүхий танхим нь дааман хаалган дахь хажуугийн баганануудын дэргэд байв. Тэнд тэд шатаалт тахилыг угаадаг. 39Дааман хаалганы үүдний танхимд хоёр талд нь шатаалт тахил, нүглийн тахил, ялын тахилыг дээр нь нядлах хоёр ширээ байв. 40Хойд хаалганы үүдний танхимын гадна хоёр ширээ байв. Тэр хаалганы үүдний танхимын нөгөө талд нь ч хоёр ширээ байжээ. 41Дааман хаалганы дэргэд хоёр талд дөрвөн ширээ өөрөөр хэлбэл тахилыг нядлах найман ширээ байжээ. 42Шатаалт тахилд цавчмал чулуун дөрвөн ширээ байсан бөгөөд урт нь нэг тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой байв. Дээр нь тэд шатаалт тахил ба тахилыг нядлахад хэрэглэдэг зэвсгийг тавьдаг аж. 43Алганы эн урттай давхар шүдтэй дэгээнүүд дотор нь эргэн тойронд суулгагдсан байв. Ширээнүүд дээр өргөлийн мах байлаа.#40:43 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
44Дотоод хаалганы гадна, дотоод хүрээн дотор дуучдад зориулагдсан хоёр танхим байв. Тэдгээрийн нэг нь хойд дааман хаалганы хажууд нүүрэн тал нь өмнө зүг харсан, нөгөө нь зүүн дааман хаалганы хажууд хойд зүгийг харсан байв. 45Тэр надад
—Өмнө зүгийг харсан энэ танхим сүмийн үүргийг сахигч тахилч нарт зориулагдсан. 46Харин хойд зүгийг харсан танхим нь тахилын ширээний үүргийг сахигч тахилч нарт зориулагдсан. Тэд бол Левийн хөвгүүдээс гаралтай Задокийн хөвгүүд бөгөөд тэд ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртдог гэв. 47Тэрээр хашааг хэмжихэд урт нь зуун тохой, өргөн нь зуун тохой тэг дөрвөлжин байв. Тахилын ширээ нь сүмийн урд талд байв.
Сүм
48Дараа нь тэр намайг сүмийн үүдний танхимд авчирч, үүдний танхимын хажуугийн багана бүрийг хэмжихэд тал бүрд таван тохой байв. Дааман хаалганы өргөн нь арван дөрвөн тохой, хажуу талын хана бүр нь гурван тохой байв. 49Үүдний танхимын урт нь хорин тохой, өргөн нь арван хоёр тохой байв. Түүний өгсөх шат арван гишгүүртэй агаад түүн дээр хажуугийн баганануудад хамаарах тулгуур багана хоёр талд нэг нэгээрээ байв.
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 40: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.