Гэтлэл 9:1-35

Гэтлэл 9:1-35 АБ2013

ЭЗЭН, Мосед —Фараонд очиж, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзаж, барьсаар байвал, үзэгтүн, ЭЗЭНий мутар хээр байгаа мал сүрэг, адуу, илжиг, тэмээ, үхэр, хонин дээр чинь аймшигт тахал өвчнөөр бууна. Харин ЭЗЭН, Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй» гэж айлдаж байна” гэж хэл гэв. ЭЗЭН —Маргааш ЭЗЭН үүнийг энэ газарт үйлдэнэ гэж тодорхой цаг товлов. Дараагийн өдөр ЭЗЭН үүнийг үйлдсэнд, Египетийн бүх мал үхэв. Харин Израилийн хөвгүүдийн малаас нэг нь ч үхсэнгүй. Фараон хүн илгээсэнд, үзэгтүн, Израилийн малаас нэг нь ч үхээгүй байв. Гэвч Фараоны зүрх хатуурч, ард түмнийг явуулсангүй. ЭЗЭН Мосе, Аарон нарт —Зуухны үнснээс хоёр алгандаа дүүргэн авч, Фараоны нүдний өмнө Мосе түүнийг тэнгэр өөд цацаг. Тэр үнс Египетийн бүх нутагт тоос болж, түүнээс Египетийн нутаг даяар хүн малд буглаат хатги халдана гэж айлдав. Тэд зуухнаас үнс аван Фараоны өмнө зогслоо. Мосе түүнийг тэнгэр өөд цацсанд хүн малд буглаат хатги халдав. Илбэчид ч буглаат хатгинаас болоод Мосегийн өмнө зогсож чадсангүй. Учир нь илбэчидэд, бүх египет хүнд буглаат хатги халдсан болой. ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулав. Мосед ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй. ЭЗЭН, Мосед —Өглөө эрт босож, Фараоны өмнө зогсож, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. Учир нь энэ удаа Би бүх гамшигаа чиний зүрхэнд болон чиний албат нарт, ард түмэн дээр чинь илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно. Би мутраа сунгаж, чамайг болон ард түмнийг чинь тахлаар цохисон бол чи дэлхийгээс устгагдах байсан. Харин Би хүчээ чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд үүнд чамайг босгосон юм. Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна. Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш энэ цагийн орчимд оруулна. Одоо тиймээс хүн илгээж, мал сүрэг, хээр байгаа бүх юмаа аюулгүй газар аваач. Гэрт хоргодолгүй хээр үлдсэн хүн, мал бүгд мөндөр буухад үхнэ» гэж айлдаж байна” гэж хэл гэв. Фараоны түшмэдийн зарим нь ЭЗЭНий үгнээс айж, боол ба малаа гэртээ бөөгнүүлэв. Харин ЭЗЭНий үгийг ойшоогоогүй нь боол ба малаа хээр орхив. ЭЗЭН, Мосед —Тэнгэр өөд гараа сунгаж, Египетийн бүх газарт Египетийн бүх нутаг даяар хүн мал, тариалангийн талбайд ургасан бүхэн дээр мөндөр оруул гэж айлдав. Мосе таягаа тэнгэр өөд сунгахад ЭЗЭН аянга мөндрийг илгээсэн ба газарт гал буув. ЭЗЭН, Египетийн нутагт мөндөр орууллаа. Тэнд үндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд гал үргэлжлэн цахилж байлаа. Египетийн нутаг даяар хээр байсан хүн малыг бүгдийг нь мөндөр цохив. Мөн тариалангийн бүх ургамлыг цохиж, хээрийн бүх модыг хугачив. Зөвхөн Израилийн хөвгүүдийн амьдарч байсан Гошен газарт мөндөр орсонгүй. Мосе Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд —Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН зөвт юм. Би болон ард түмэн минь буруутан билээ. ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар энд удаан байх хэрэггүй гэж хэлэв. Мосе түүнд —Би хотоос гармагцаа ЭЗЭНд гараа сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно. Гэхдээ та болон таны зарц нар одоогоор ЭЗЭН Бурханаас айхгүй байгаа гэдгийг би мэдэж байна гэж хэлэв. (Тэгэхэд арвай боловсорч, маалинга цэцэглэж байсан учир маалинга ба арвай сүйтгэгдэв. Харин буудай, хөц будаа нь ургаагүй байсан учир сүйтгэгдсэнгүй.) Мосе, Фараоноос салан хотоос гарч, ЭЗЭНд гараа сунгалаа. Аянга мөндөр зогсож, газарт бороо цутгахаа болив. Бороо, мөндөр, аянга зогссоныг Фараон хараад, түшмэдийнхээ хамтаар дахин нүгэл үйлдэн, зүрхээ хатууруулав. Фараоны зүрх хатуурч, Мосегоор дамжуулан ЭЗЭНий айлдсанчлан Израилийн хөвгүүдийг эс явуулав.

Video for Гэтлэл 9:1-35