Гэтлэл 40

40
Асрыг босгосон нь
1Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин
2Эхний сарын эхний өдөрт чи уулзалтын майхан асрыг босго. 3Чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал. 4Чи ширээг дотогш оруулж, үүн дээрх цэгцлэх зүйлсийг цэгцэл. Чи дэнлүүний суурийг дотогш оруулаад, дэнлүүнүүдийг нь асаа. 5Чи утлагад зориулсан тахилын алтан ширээг гэрчлэлийн авдрын өмнө тавиад, асрын үүдний дэлгэцийг тат. 6Тэгээд уулзалтын майхан асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул. 7Угаалгын савыг уулзалтын ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хийгтүн. 8Чи эргэн тойрных нь хашааг барьж, хашааны хаалганд хөшиг өлгө. 9Тэгээд чи тослох тос авч, асар болоод түүний доторх бүх зүйлийг тослоод, түүнийг болон бүх хэрэгслийг нь ариусга. Тэр нь ариун байх болно. 10Чи шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь тосолж, тахилын ширээг ариусга. Тахилын ширээ нь ариунаас ариун байх болно. 11Чи угаах сав болон суурийг нь тосолж ариусга. 12Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь уулзалтын майхны үүдэнд авчран, усаар угаагтун. 13Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд чи Ааронд ариун хувцас өмсгөөд, тосолж ариусга. 14Дараа нь чи хөвгүүдийг нь авчирч, тэдэнд дотуур дээл өмсгө. 15Тэд Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд эцгийг нь тосолсон шигээ чи тэднийг тосол. Учир нь тосолгоо нь тахилчийн албанд үе уламжлан үүрд байх болно гэж айлдав. 16Мосе ийн үйлдэв. ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Мосе тэгж үйлдэв. 17Хоёр дахь жилийн эхний сард, уг сарын анхны өдөр асрыг босгов. 18Мосе асрыг босгоод, углууруудыг нь суулгаж, дүнзнүүдийг нь босгон хөндлийг нь хийж, баганануудыг нь босголоо. 19Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр асрын дээгүүр майхныг татаж, дээр нь майхны бүтээлгийг тавив. 20Тэгээд тэр гэрчлэлийг авч авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, авдран дээр эвлэрүүлгийн тагийг тавьжээ. 21Тэгээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр авдрыг асар дотор оруулж, дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав. 22Дараа нь уулзалтын майхан дотор хөшигний гадна, асрын хойд зүгт тэрээр ширээг байрлуулав. 23Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр ширээн дээр ЭЗЭНий өмнө талхыг цэгцлэн өрлөө. 24Дараа нь уулзалтын майхан дотор ширээний эсрэг харалдаа асрын өмнө зүгт дэнлүүний суурийг тавив. 25Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр ЭЗЭНий өмнө дэнлүүнүүдийг асаалаа. 26Дараа нь тэрээр уулзалтын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав. 27Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр анхилуун утлагыг түүн дээр уугиулав. 28Тэгээд тэр асрын үүдэнд дэлгэц татлаа. 29Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэр уулзалтын майхан асрын үүдэнд шатаалт тахилын ширээг байрлуулж, түүн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөжээ. 30Тэгээд тэр угаалгын савыг уулзалтын майхан ба тахилын ширээний хооронд байрлуулж, угаалгад зориулан дотор нь ус хийв. 31Мосе, Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө түүн дотор угаав. 32Тэд уулзалтын майханд орохдоо мөн тахилын ширээнд ойртохдоо Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор угаалга хийдэг байв. 33Тэгээд асар болон тахилын ширээг бүхэлд нь тойруулан тэрээр хашаа босгож, хашааны хаалганд хөшиг өлгөв. Ингээд Мосе ажилаа дуусгалаа.
ЭЗЭНий цог жавхлангийн үүл
(Тоо 9:15–23)
34Тэгтэл уулзалтын майхныг үүл бүрхэн ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ.#1Ха 8:10–11; Иса 6:4; Езк 43:4–5; Илч 15:8 35ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе уулзалтын майханд орж чадахгүй байв. 36Асрын дээрээс үүл өргөгдөх бүрд Израилийн хөвгүүд аян замдаа хөдлөн, 37харин үүл дээш өргөгдөхгүй бол дээш өргөгдөх өдрийг нь хүртэл тэд хөдөлдөггүй байлаа. 38Учир нь бүх аян замынх нь туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр ЭЗЭНий үүл өдөр нь асрын дээр байж, шөнө нь түүн дээр гал үзэгддэг байв.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 40: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Гэтлэл 40-д зориулсан видео