Гэтлэл 38
38
Шатаалт тахилын ширээ
(Гэт 27:1–8)
1Тэгээд тэр хуайс модоор шатаалт тахилын ширээг хийв. Урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой ажээ. 2Тэрээр үүний дөрвөн буланд нь эврүүд хийв. Эврүүд нь ширээтэйгээ нэгэн цул байсан ба тэр үүнийг хүрлээр бүрэв. 3Тэгээд тэр тахилын ширээний бүх л хэрэгсэл болох сав, утгуур, угаагуур, сэрээ болон бойпруудыг нь хийв. Бүх л хэрэгслийг хүрлээр үйлдэв. 4Тэрээр тахилын ширээнд зориулж доод амсрынх нь доор тахилын ширээний өндрийн дундад хүргэж тавих хүрэл сараалжин торыг хийв. 5Мөн хүрэл торны дөрвөн өнцөгт дамнуургуудыг тогтоохоор дөрвөн гархи цутгажээ. 6Тэрээр хуайс модон дамнуургууд хийж, тэдгээрийг хүрлээр бүрэв. 7Тахилын ширээг зөөхийн тулд дамнуургуудыг түүний хажуу тал дахь гархинуудад тэрээр шургуулав. Тахилын ширээг банзаар, дотор талдаа хөндий хийжээ.
8Дараа нь тэр, хүрэл суурьтай угаалгын хүрэл савыг уулзалтын майхны үүдэнд үйлчилдэг үйлчлэгч эмэгтэйчүүдийн толиор хийлээ.
Хашаа
(Гэт 27:9–19)
9Тэгээд тэр хашааг хийжээ. Өмнө зүгт буюу тэр талынх нь хашааны хөшигнүүд нарийн нэхсэн маалингаар хийгдсэн бөгөөд зуун тохой урттай байв. 10Багананууд нь хорь байсан бөгөөд хорин хүрэл углууртай байв. Баганануудын дэгээ ба холбоос нь мөнгөн ажээ. 11Үүнчлэн умард зүгт ч зуун тохой урт хөшиг байсан ба хорин багана, хорин хүрэл углууртай бөгөөд баганануудын дэгээ, холбоос нь мөнгөн аж. 12Баруун зүгт нь арван багана, арван углууртай тавин тохой хөшиг хийв. Баганануудын дэгээ, холбоос нь мөнгөн байв. 13Зүүн зүгт буюу урд талд нь тавин тохойг хийв. 14Нэг талын хөшиг нь арван таван тохой бөгөөд гурван багана, гурван углууртай байв. 15Хашааны хаалганы нөгөө талд тусбүрд нь арван таван тохой хөшиг ба гурван багана, гурван углуур байлаа. 16Хашааны эргэн тойрон дахь бүх хөшгийг нарийн нэхсэн маалингаар хийжээ. 17Баганануудад зориулсан углуур нь хүрэл бөгөөд баганануудын дэгээ, холбоос нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүрж, хашааны бүх багана мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байв.
18Хашааны хаалганы дэлгэц нь хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийгдсэн нэхмэлчдийн урлал байв. Урт нь хорин тохой бөгөөд өндөр буюу өргөн нь хашааны хөшигнүүдтэй адил таван тохой байв. 19Дөрвөн баганатай, тэдгээрийн дөрвөн углуур нь хүрэл бөгөөд дэгээ, холбоос нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүржээ. 20Асрын болон эргэн тойрон дахь хашааны бүх гадас хүрэл байв.
Асрын эд зүйлс
21Гэрчлэлийн асар буюу асрын эд зүйлсийн тоо энэ юм. Мосегийн тушаасан ёсоор левичүүдийн үйлчлэлд зориулан, тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар эдгээр нь тоологдсон билээ. 22Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалел нь Мосед ЭЗЭНий тушаасан бүхнийг хийв. 23Түүнтэй хамт сийлбэрчин, урлаач ба хөх, ягаан, час улаан даавуу, нарийн маалингын нэхмэлчин болох Охолиаб гэгч Дан овгийн Ахисамахын хөвгүүн байв. 24Ариун газрын бүх гүйцэтгэлийн ажилд зарцуулагдсан бүх алт буюу даллах өргөлийн алт нь ариун газрын шекелээр хорин есөн талант, долоон зуун гучин шекел байв. 25Хотол түмний тоологдсон хүмүүсээс гарсан мөнгө ариун газрын шекелээр зуун талант, мянга долоон зуун далан таван шекел байв.#Гэт 30:11–16 26Энэ нь хорь болон түүнээс дээш насны зургаан зуун гурван мянга таван зуун тавиас буюу тоологдсон хүн нэгбүрээс ариун газрын шекелээр хагас шекел болох нэг бека байв.#Мт 17:24 27Зуун талант мөнгөөр ариун газрын углуур болон хөшигний углууруудыг цутгасан бөгөөд зуун талант нь зуун углуурт буюу нэг талант нь нэг углуурт зарцуулагджээ. 28Мянга долоон зуун далан таван шекелээр тэрээр баганануудын дэгээг хийж, оройнуудыг нь бүрж, тэдэнд холбоос хийв. 29Даллах өргөлийн хүрэл нь далан талант, хоёр мянга дөрвөн зуун шекел байв. 30Түүгээр тэр уулзалтын майхны үүдэнд углууруудыг мөн хүрэл тахилын ширээг, хүрэл торыг нь болон тахилын ширээний бүх хэрэгслийг хийжээ. 31Мөн эргэн тойрон дахь хашааны углуурууд, хашааны хаалганы углуурууд, асрын гадас болон эргэн тойрон дахь хашааны бүх гадсыг хийв.
Одоогоор Сонгогдсон:
Гэтлэл 38: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.