Гэтлэл 13
13
1ЭЗЭН, Мосед
— 2Ууган үр бүрийг Надад ариусга! Израилийн хөвгүүдийн доторх, хэвлийг анхлан нээгч хүн мал бүр нь Минийх гэж айлдав. #Тоо 3:13; Лк 2:23
Исгээгүй талхны баяр
3Мосе ард түмэнд
—Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй. 4Абиб сарын энэ өдөр та нар гарсан. 5Та нарт өгөхөөр эцэг өвгөдөд чинь тангарагласан тэр газар буюу канаан, хит, амори, хиви, иебусчуудын нутаг, сүү бал урссан газартаа ЭЗЭН та нарыг аваачих үед та нар уг сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой. 6Долоон өдрийн турш та нар исгээгүй талх идэж, долоо дахь өдөр ЭЗЭНд зориулж баяр хийгтүн. 7Долоон өдрийн турш исгээгүй талх идэж, өөртөө болон бүх хил хязгаарынхаа дотор та нар исгэх хөрөнгийг бүү байлга. 8Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө хийсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл. 9Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ. 10Тиймээс жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь.
Уугануудыг зориулах нь
11ЭЗЭН чамд болон эцэг өвгөдөд чинь тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутагт аваачин тэр газрыг чамд өгөх үед 12чи хэвлийг анхлан нээгч бүрийг ЭЗЭНд тусгаарла. Мал сүргийн чинь эр хүйстэй анхны төл бүр ЭЗЭНийх юм.#Гэт 34:19–20; Лк 2:23 13Харин илжигний анхны төл бүрийг хургаар золигтун! Хэрэв золихгүй гэвэл хүзүүг нь хугал. Чиний хөвгүүд дундах ууган үр бүрийг чи золих ёстой. 14Хожим хүү чинь чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан. 15Фараон биднийг явуулахгүй зөрүүдлэн татгалзсан үед Египетийн нутаг дахь аливаа хэвлийг анх нээгчдийг, хүний ууганаас авахуулаад малын ууган бүрийг хүртэл ЭЗЭН үхүүлсэн. Тиймээс би хэвлий бүрийн эр хүйстэй ууган болгоныг ЭЗЭНд тахил болгон өргөж, харин хөвгүүдийнхээ ууган бүрийг би зольдог” гэж хэл. 16Үүнийг гартаа тэмдэг болгон нүднийхээ хооронд сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв.
Үүл ба галан багана
17Фараон ард түмнийг явуулахад, филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан
—Ард түмэн дайн үзвэл санаа урваж, Египет уруу буцах вий гэж айлджээ. 18Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан тэнгис уруу#13:18 Улаан тэнгис: 1. Газрын дундад тэнгисээс Суэцийн сувгийн эх хүртэлх цуваа нуур бүхий бүс нутгийг хэлж байгаа бөгөөд энэ бүлэгт гарч буй үйл явдал болсон газар гэж үздэг. 2. Суэцийн суваг, 3. Акабагийн суваг. удирдав. Израилийн хөвгүүд Египет газраас байлдааны бэлтгэлтэй гарлаа. 19Мосе харин Иосефын ясыг авчээ. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийн хамт эндээс авч яваарай” гэсэн юм.#Эх 50:25; Иош 24:32 20Тэд Суккотоос хөдөлж, цөлийн захад байх Етамд буудаллав.
21ЭЗЭН тэдний замыг заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр ч, шөнө ч явж болохоор тэдний өмнө явж байлаа. 22Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс холдсонгүй.
Одоогоор Сонгогдсон:
Гэтлэл 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.