Гэтлэл 12:1-36

Гэтлэл 12:1-36 АБ2013

Египетийн нутагт Мосе Аарон нарт ЭЗЭН — Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно. Израилийн даяар хотол түмэнд ингэж хэл. “Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүр нэг хурга ав. Хэрэв хурга авахад ам бүл дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон хөрштэйгөө хамтран хүний тооны дагуу нэг хургыг аваад, хүн бүрийн идэх хэмжээгээр хургыг хуваа. Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав. Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал. Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хоёр хатавч ба тотгонд цуснаас нь нялах ёстой. Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой. Аль ч хэсгийг нь түүхийгээр эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин толгой, гуяыг нь гэдэс дотортой нь галд шарж ид. Та нар аль ч хэсгийг нь өглөө болтол үлдээж болохгүй! Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаах ёстой. Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ. Та нар долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг гэрээсээ зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно. Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд та нар хүн бүрийн идэх юмыг бэлдэхээс өөр ямар ч ажил бүү хий. Та нар бас Исгээгүй талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би түг түмнийг чинь Египет нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан үүрдийн зарлиг болгон тэмдэглэ. Тэргүүн сард, уг сарын арван дөрөвний үдшээс хорин нэгний үдэш хүртэл та нар исгээгүй талх идэх ёстой. Долоо хоногийн туршид гэрүүдээс чинь ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь ирмэл ч бай, нутгийн уугуул ч бай тэр хүн Израилийн хотол түмнээс таслагдана. Та нар исгэсэн ямар ч юмыг бүү ид. Та нар оршин буй бүх газартаа исгээгүй талх ид” гэв. Мосе Израилийн бүх ахмадыг дуудан тэдэнд —Явж урагтаа хурга шилж аваад Алгасалд нядал. Та нар багцалсан балуун авч саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн гэрийнхээ үүднээс гадагш бүү гар. ЭЗЭН, египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад, ЭЗЭН уг үүдийг алгасаж та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй. Та нар энэ үйл явдлыг өөртөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгон үүрд тэмдэглэ. ЭЗЭН айлдсан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ. Хүүхдүүд чинь “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед та нар “Энэ нь ЭЗЭНий Алгасалын тахил юм. Учир нь Тэрээр Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрийг алгасаж египетчүүдийг цохин харин бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доор бөхийн мөргөв. Израилийн хөвгүүд явж, Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ. Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гянданд хоригдогчийн ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл, Египет газар дахь ууган бүгдийг ЭЗЭН цохилоо. Тэр шөнө Фараон хийгээд бүх албат нь, бүх египетчүүд боссон бөгөөд Египетэд асар их уйлаан майлаан боллоо. Учир нь үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл тэнд байсангүй. Шөнө нь Мосе Аарон нарыг Фараон дуудаж —Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл! Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил! Та нар хэлснээрээ хонь, үхрээ аваад яв! Тэгээд намайг бас ерөөгөөч гэв. Египетчүүд —Бид бүгд үхэх нь гээд, ард түмнийг нутгаасаа бушуухан гаргах гэж шавдуулав. Тиймээс ард түмэн исгээгүй зуурсан гурил хийсэн саваа хувцсандаа боогоод мөрлөв. Израилийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдэж, египетчүүдээс мөнгөн эдлэл, алтан эдлэл болон хувцас нэхжээ. ЭЗЭН, египетчүүдийн нүдний өмнө ард түмнээ таалан соёрхсонд тэдний нэхсэнийг египетчүүд зөвшөөрчээ. Тийнхүү тэд египетчүүдийг цөлбөсөн билээ.

Гэтлэл 12:1-36-д зориулсан видео

Гэтлэл 12:1-36 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв