Естер 9:1-10

Естер 9:1-10 АБ2013

Ингээд арван хоёрдугаар сарын (Адар сарын) арван гурав дахь өдөр хааны тушаал ба зарлигийг гүйцэтгэх болсон бөгөөд иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, өөрсдийг нь үзэн ядагчдыг иудейчүүд эзэгнэв. Хаан Ахашверошийн бүх муж даяар иудейчүүд өөрсдөд нь мөхлийг хүсэгчдийг гардан хөнөөхөөр тус тусын хотуудад цуглацгаасан бөгөөд тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмөрсөн тул хэн ч тэднийг сөрөн зогсож чадсангүй. Аймгуудын бүх засаг ноён, эрх баригч, захирагч болон хааны ажлыг гүйцэтгэгч түшмэдийг Мордехаигаас айх айдас нөмөрсөн тул тэд хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаи, хааны өргөөнд агуу нэгэн байсан бөгөөд түүний нэр алдар бүх аймаг даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи гэгч энэ хүн улам бүр өргөмжлөгдсөөр байв. Ийнхүү иудейчүүд бүх дайснаа илдний ирээр цохиж, хүйс тэмтрэн устгалаа. Тэд өстнүүдийнхээ эсрэг дур зоргоороо үйлдэв. Суса цайзад иудейчүүд таван зуун хүнийг алж устгалаа. Мөн Паршандата, Далфон, Аспата, Пората, Адалиа, Аридата, Пармашта, Арисаи, Аридаи болон Ваизата нарыг буюу иудейчүүдийн өстөн дайсан, Хаммедатагийн хүү Хаманы арван хөвгүүнийг тэд алсан боловч олзонд гар хүрсэнгүй.