ЕСТЕР 9:1-10
ЕСТЕР 9:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Ингээд арван хоёрдугаар сарын (Адар сарын) арван гурав дахь өдөр хааны тушаал ба зарлигийг гүйцэтгэх болсон бөгөөд иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, өөрсдийг нь үзэн ядагчдыг иудейчүүд эзэгнэв. Хаан Ахашверошийн бүх муж даяар иудейчүүд өөрсдөд нь мөхлийг хүсэгчдийг гардан хөнөөхөөр тус тусын хотуудад цуглацгаасан бөгөөд тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмөрсөн тул хэн ч тэднийг сөрөн зогсож чадсангүй. Аймгуудын бүх засаг ноён, эрх баригч, захирагч болон хааны ажлыг гүйцэтгэгч түшмэдийг Мордехаигаас айх айдас нөмөрсөн тул тэд хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаи, хааны өргөөнд агуу нэгэн байсан бөгөөд түүний нэр алдар бүх аймаг даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи гэгч энэ хүн улам бүр өргөмжлөгдсөөр байв. Ийнхүү иудейчүүд бүх дайснаа илдний ирээр цохиж, хүйс тэмтрэн устгалаа. Тэд өстнүүдийнхээ эсрэг дур зоргоороо үйлдэв. Суса цайзад иудейчүүд таван зуун хүнийг алж устгалаа. Мөн Паршандата, Далфон, Аспата, Пората, Адалиа, Аридата, Пармашта, Арисаи, Аридаи болон Ваизата нарыг буюу иудейчүүдийн өстөн дайсан, Хаммедатагийн хүү Хаманы арван хөвгүүнийг тэд алсан боловч олзонд гар хүрсэнгүй.
ЕСТЕР 9:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хааны тушаал, зарлигийг гүйцэтгэхэд бараг бэлэн болсон арван хоёрдугаар сарын (энэ нь Адар сар юм) арван гурав дахь өдөр, иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, иудейчүүд өөрсдийг нь үзэн ядагчдыг эзэгнэв. Хаан Ахашверошийн бүх муж даяар иудейчүүд тус тусын хотуудад өөрсдийг нь хорлохыг хүсэгчдэд халдахаар цуглацгаасан бөгөөд хэн ч тэдний эсрэг зогсож чадсангүй. Учир нь тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмрөв. Мужуудын бүх амбан захирагч, эрх баригчид, захирагчид болон хааны ажлыг гүйцэтгэж байсан хүмүүс хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаигаас айх айдас тэднийг нөмөрчээ. Үнэхээр Мордехаи хааны өргөөнд нэртэй цуутай байсан бөгөөд түүний нэр алдар бүх муж даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи улам бүр нэртэй цуутай болов. Тийнхүү иудейчүүд бүх дайснуудаа илдний ирээр хүйс тэмтрэн устгав. Тэд өөрсдийнхөө өшөөтнүүдийн эсрэг дураараа үйлдэв. Нийслэл Сусад иудейчүүд таван зуун хүнийг алж устгав. Мөн Паршандата, Далфон, Аспата, Пората, Адалиа, Аридата, Пармашта, Арисаи, Аридаи, болон Ваизата нарыг буюу иудейчүүдийн дайсан Хаммедагийн хүү Хаманы арван хөвгүүнийг алсан боловч тэд олзонд гар эс хүрэв.