Естер 9

9
Иудейчүүдийн дайснууд сүйрэв
1Ингээд арван хоёрдугаар сарын (Адар сарын) арван гурав дахь өдөр хааны тушаал ба зарлигийг гүйцэтгэх болсон бөгөөд иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, өөрсдийг нь үзэн ядагчдыг иудейчүүд эзэгнэв. 2Хаан Ахашверошийн бүх муж даяар иудейчүүд өөрсдөд нь мөхлийг хүсэгчдийг гардан хөнөөхөөр тус тусын хотуудад цуглацгаасан бөгөөд тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмөрсөн тул хэн ч тэднийг сөрөн зогсож чадсангүй. 3Аймгуудын бүх засаг ноён, эрх баригч, захирагч болон хааны ажлыг гүйцэтгэгч түшмэдийг Мордехаигаас айх айдас нөмөрсөн тул тэд хүртэл иудейчүүдэд туслав. 4Учир нь Мордехаи, хааны өргөөнд агуу нэгэн байсан бөгөөд түүний нэр алдар бүх аймаг даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи гэгч энэ хүн улам бүр өргөмжлөгдсөөр байв. 5Ийнхүү иудейчүүд бүх дайснаа илдний ирээр цохиж, хүйс тэмтрэн устгалаа. Тэд өстнүүдийнхээ эсрэг дур зоргоороо үйлдэв. 6Суса цайзад иудейчүүд таван зуун хүнийг алж устгалаа. 7Мөн Паршандата, Далфон, Аспата, 8Пората, Адалиа, Аридата, 9Пармашта, Арисаи, Аридаи болон Ваизата нарыг буюу 10иудейчүүдийн өстөн дайсан, Хаммедатагийн хүү Хаманы арван хөвгүүнийг тэд алсан боловч олзонд гар хүрсэнгүй. 11Тэр өдөр Суса цайзад алагдсан хүмүүсийн тоог хаанд мэдэгдэхэд 12хаан, хатан Естерт
—Иудейчүүд Суса цайзад таван зуун хүнийг бас Хаманы арван хөвгүүнийг алж, хүйс тэмтэрсэн байна. Тэгвэл хааны бусад аймагт тэд юуг үйлдсэн бол доо? Одоо чиний гуйлт юу вэ? Тэр нь чамд өгөгдөнө. Чи өөр юу хүсээ вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв. 13Тэгэхэд Естер
—Хэрэв хаан үүнийг таалбал, өнөөдрийн зарлиг ёсоор маргааш ч мөн үйлдэхийг Сусад буй иудейчүүдэд зөвшөөрөг. Мөн Хаманы арван хөвгүүнийг ч дүүжлүүрт дүүжлэг гэж хэлэв. 14Хаан тийнхүү үйлдэг гэж зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв. 15Сусад буй иудейчүүд Адар сарын мөн арван дөрөвний өдөр цуглацгаан Сусад гурван зуун хүнийг алсан боловч эд олзонд гар хүрсэнгүй. 16Мөн хааны аймгуудад буй бусад иудейчүүд амиа хамгаалан дайснуудаасаа ангижрахын тулд цуглаж, өстнүүдээсээ далан таван мянгыг алав. Гэвч тэд олзонд гар хүрсэнгүй. 17Энэ нь Адар сарын арван гуравны өдөр бөгөөд арван дөрөвний өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов.
Пурим баярыг тэмдэглэсэн нь
18Харин Сусад буй иудейчүүд тэр сарын арван гуравны болон арван дөрөвний өдөр цугларч, арван тавны өдөр нь амарцгаан энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов. 19Тиймээс бэхлэлтгүй хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөвний өдрийг баясал, найр наадмаар өнгөрүүлж, бие биендээ идээний хувийг илгээх баярын өдөр болгодог. 20Тэгээд Мордехаи эдгээрийг тэмдэглүүлж, Ахашверош хааны хол ойрын бүх аймагт амьдрагч бүх иудей хүнд захидлууд илгээн 21жил бүрийн Адар сарын арван дөрөвний өдөр мөн арван тавны өдрийг сахин тэмдэглэхийг үүрэг болгов. 22Энэ нь иудейчүүд дайснаасаа ангижирсан өдөр мөн тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болж хувирсан сар байсан тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр хөөр мөн идээний хувийг бие биендээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгох ёстой байв. 23Ийнхүү иудейчүүд хийж эхэлсэн зүйлээ Мордехаин тэдэнд бичсэн ёсоор заншил болгон авав. 24Учир нь бүх иудейчүүдийн дайсан, агаг хүн, Хаммедатагийн хүү Хаман иудейчүүдийг хүйс тэмтрэхээр тэдний эсрэг төлөвлөн, тэднийг устган хүйс тэмтрэхээр пур буюу шавга орхин шодсон билээ.#Ест 3:7 25Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан, иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой бөгөөд түүнийг хөвгүүдтэй нь хамт дүүжлүүрт дүүжлэх ёстой гэж захидлаар тушаав. 26Тиймээс энэ өдрүүдийг тэд пурын нэрээр Пурим гэж нэрлэв. Ингээд уг захидлын бүх үг болон энэ тухайд тэдний үзсэн болон тэдэнд тохиолдсон зүйлсээс болж 27жил бүрийн товлогдсон цаг болоод ёс журмын дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд үүнийг иудейчүүд өөрсдөдөө, үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд тогтоож, заншил болгон хүлээн авав. 28Энэ өдрүүдийг үеийн үед гэр бүл бүхэн, аймаг болон хот бүрд дурсан санаж, тэмдэглэх ёстой байв. Пуримийн энэ өдрүүд иудейчүүдийн дундаас арчигдах ч юмуу эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй байв. 29Пуримийн тухай энэ хоёр дахь захидлыг батлахаар, Абихаилын охин Естер хатан ба иудей Мордехаи нар бүрэн эрх мэдэлтэйгээр бичив. 30Амар тайван ба үнэний үгстэй захидлууд Ахашверошийн хаант улсын зуун хорин долоон аймагт буй бүх иудей хүнд илгээгдэж, 31Пуримийн өдрүүдийг тогтоосон цагт нь сахих зарлигийг иудей хүн Мордехаи ба Естер хатнаас иудейчүүдэд зарлигдсан бөгөөд энэ нь мацаг барих болон гашуудах талаар өөрсдөдөө мөн үр удамдаа ёсчлон тогтоосны адил тогтоохын тулд байлаа. 32Ингээд Естерийн айлдлага нь Пуримийн талаарх энэ заншлуудыг баталсан бөгөөд энэ нь номд бичигдэв.

Одоогоор Сонгогдсон:

Естер 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү