Естер 2:5-11

Естер 2:5-11 АБ2013

Суса цайзад бениамин хүн Кишийн гуч, Шимеигийн ач, Иаирын хүү Мордехаи гэгч иудей хүн байв. Тэрээр Вавилоны хаан Небухаднезарын олзлон авчирсан Иудагийн хаан Иекониатай хамт ирсэн олзлогдогсдын хамт Иерусалимаас олзонд ирсэн хүн юм. Авга ахынх нь охин Хадасса буюу Естер эцэг эхгүй тул тэрээр асран хүмүүжүүлж байлаа. Тэр залуу эмэгтэй бие галбир тэгш, царай зүс үзэсгэлэнтэй ажээ. Эцэг эхийг нь өөд болоход Мордехаи түүнийг охиноо болгон авсан юм. Ингээд хааны зарлиг лүндэнг сонордуулахад, олон залуу эмэгтэй Суса цайзнаа Хегаин мэдэл, гар дор цуглацгааж байхад Естер ч мөн хааны өргөөнд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хегаин мэдэл, гар дор хүргэгджээ. Тэр залуу эмэгтэй түүний таалалд нийцэж, ивээлийг нь олов. Тиймээс тэрээр Естерийг оо энгэсэг болон хувь хишгээр нь үтэр түргэн хангаж, түүнд хааны өргөөнөөс долоон шилмэл шивэгчнийг өгөөд, түүнийг болон шивэгчингүүдийг нь эмэгтэйчүүдийн өргөөний хамгийн сайн газарт шилжүүлэв. Естер ард түмнээ ч, үндэс угсаагаа ч илчилсэнгүй. Учир нь тэднийг илчлэн ярьж болохгүй гэж Мордехаи түүнд захижээ. Тэгээд Естерийн амар амгаланг болон түүнд юу тохиолдож байгааг мэдэх гэж эмэгтэйчүүдийн өргөөний хашааны өмнүүр Мордехаи өдөр бүр холхидог байв.