ЕСТЕР 2:5-11
ЕСТЕР 2:5-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Нийслэл Сусад бениамин хүн Кишийн хүү, Шимеигийн хүү, Иаирын хүү Мордехаи хэмээгч нэгэн иудей хүн байв. Тэр нь Вавилоны хаан Небухаднезарын цөлсөн Иудагийн хаан Иекониатай хамт цөлөгдсөн олзлогдогсодтой цуг Иерусалимаас цөллөгт ирсэн хүн юм. Тэгээд тэр авга ахынхаа охин Хадасса буюу Естерийг хүмүүжүүлж байв. Учир нь тэр охин эцэг эхгүй ажээ. Тэр залуу эмэгтэй бие галбир, царай зүсээр үзэсгэлэнтэй байсан бөгөөд эцэг эхийг нь нас барахад Мордехаи түүнийг охиноо болгон авчээ. Хааны тушаал болон зарлиг зарлагдан, олон залуу эмэгтэйчүүд нийслэл Суса уруу Хегаин халамжинд цуглацгааж байхад Естер хааны ордон уруу эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хегаин халамжинд хүргэгджээ. Тэр залуу эмэгтэй түүний таалалд нийцэж, ивээлийг нь олов. Тиймээс тэр Естерийг оо энгэсгээр болон хүнсээр түргэн хангаж, түүнд хааны ордноос долоон шилмэл шивэгчнийг өгөн, түүнийг болон шивэгчдийг нь хааны эхнэрүүдийн байрны хамгийн сайн газар уруу шилжүүлэв. Естер өөрийн ард түмнээ ч, садан төрлөө ч илчилсэнгүй. Учир нь Мордехаи түүнд тэднийг илчилж болохгүй хэмээн захижээ. Тэгээд Мордехаи өдөр бүр хааны эхнэрүүдийн байрны хашааны өмнүүр Естерийн ямар байгааг болон юу болж байгааг мэдэх гэж урагшаа хойшоо холхидог байв.
ЕСТЕР 2:5-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Суса цайзад бениамин хүн Кишийн гуч, Шимеигийн ач, Иаирын хүү Мордехаи гэгч иудей хүн байв. Тэрээр Вавилоны хаан Небухаднезарын олзлон авчирсан Иудагийн хаан Иекониатай хамт ирсэн олзлогдогсдын хамт Иерусалимаас олзонд ирсэн хүн юм. Авга ахынх нь охин Хадасса буюу Естер эцэг эхгүй тул тэрээр асран хүмүүжүүлж байлаа. Тэр залуу эмэгтэй бие галбир тэгш, царай зүс үзэсгэлэнтэй ажээ. Эцэг эхийг нь өөд болоход Мордехаи түүнийг охиноо болгон авсан юм. Ингээд хааны зарлиг лүндэнг сонордуулахад, олон залуу эмэгтэй Суса цайзнаа Хегаин мэдэл, гар дор цуглацгааж байхад Естер ч мөн хааны өргөөнд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хегаин мэдэл, гар дор хүргэгджээ. Тэр залуу эмэгтэй түүний таалалд нийцэж, ивээлийг нь олов. Тиймээс тэрээр Естерийг оо энгэсэг болон хувь хишгээр нь үтэр түргэн хангаж, түүнд хааны өргөөнөөс долоон шилмэл шивэгчнийг өгөөд, түүнийг болон шивэгчингүүдийг нь эмэгтэйчүүдийн өргөөний хамгийн сайн газарт шилжүүлэв. Естер ард түмнээ ч, үндэс угсаагаа ч илчилсэнгүй. Учир нь тэднийг илчлэн ярьж болохгүй гэж Мордехаи түүнд захижээ. Тэгээд Естерийн амар амгаланг болон түүнд юу тохиолдож байгааг мэдэх гэж эмэгтэйчүүдийн өргөөний хашааны өмнүүр Мордехаи өдөр бүр холхидог байв.