Дэд хууль 4
4
Мосе дуулгаврыг тушаав
1Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо! 2Миний та нарт тушааж байгаа, ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахихын тулд миний та нарт өгч буй тушаалд үг нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй! #Илч 22:18–19
3Баал-пеорын хэрэг явдлаас болж ЭЗЭН чухам юу үйлдсэнийг та нар нүдээрээ үзсэн. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарын дундаас Баал-пеорыг дагасан хүн бүрийг устгасан билээ.#Тоо 25:1–9 4Харин ЭЗЭН Бурханаасаа зуурч байсан та бүхэн л өнөөдөр амьд байна.
5Та нарын хүрч очоод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагуулж мөрдүүлэхийн тулд би ЭЗЭН Бурханыхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг, шийдвэрүүдийг сургасан билээ. 6Тиймээс та нар үүнийг сахиж, үйлдэгтүн! Тэгэх нь та нарын мэргэн ухаан, хэрсүү чанарыг тэр ард түмнүүдийн нүдэнд харуулах бөгөөд тэд энэ бүх зарлигийг сонсоод “Үнэхээр агуу энэ үндэстэн бол мэргэн ухаантай, хэрсүү ард түмэн юм” гэж ярилцах болно. 7Дуудах бүрд минь бидний Бурхан ЭЗЭН шиг тийм ойрхон байдаг бурхантай агуу үндэстэн хаана байна вэ? 8Өнөөдөр миний та нарт таниулсан энэ цогц хуулийн адил зөвт зарлиг, шүүлттэй ямар агуу үндэстэн байна вэ?
9Өөрийгөө анхаарч, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартахгүй байж, амьдралын чинь бүх өдрүүдэд тэдгээр нь зүрхнээс чинь замхрахгүй байхын тулд хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл. 10Санагтун, та нарыг Хореб#4:10 эсвэл Синаи ууланд ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байх үед ЭЗЭН “Ард түмнийг Над уруу цуглуул, Би тэдэнд үгээ сонсгоё! Ингэснээр тэд газар дээр амьдрах бүхий л өдрүүддээ Намайг эмээн хүндэтгэхэд сурч, түүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургах юм” гэж надад айлдсан билээ. 11Та нарыг ойртон очоод, уулын бэлд зогссонд тэр уул тэнгэр огторгуйд тултал дүрэлзэн шатаж, үүл бүрхэн манан буданд хучигдаж, тас харанхуй болсон.#Гэт 19:16–18; Евр 12:18–19 12Тэгээд ЭЗЭН галын дундаас та нарт айлдсан билээ. Та нар үг дуугарахыг сонссон боловч ямар ч дүрс хараагүй, зөвхөн дуу хоолойг л сонссон. 13Ингэж ЭЗЭН та нарт гэрээгээ зарлаж, даган мөрдөхийг тушаасан. Энэ нь Арван тушаал бөгөөд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Өөрөө бичсэн билээ.#Гэт 31:18, 34:28; Дх 9:10 14Гатлан очиж эзлэх гэж буй газарт чинь та нараар эдгээрийг дагаж мөрдүүлэхийн тулд энэ зарлиг, шийдвэрүүдийг та нарт таниулан заахыг ЭЗЭН тэр үед надад тушаасан билээ.#Гэт 21:1
15ЭЗЭН Хореб ууланд галын дундаас та нарт айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрсийг хараагүй учир та нар өөрсдийгөө маш нарийн хянагтун. 16Та нар завхарч, өөрсдөдөө ямар нэг хэлбэр дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. Эр эсвэл эм амьтны дүрс,#Гэт 20:4; Лев 26:1; Дх 5:8, 27:15 17газар дээрх аливаа амьтны дүрс, тэнгэрт нисдэг аливаа жигүүртний дүрс,#Ром 1:23 18газрын хөрсөн дээгүүр мөлхөгч аливаа юмны дүрс, газар доор, усан дотор байдаг аливаа загасны дүрс бүтээгүүзэй. 19Тэнгэр өөд хараад, ЭЗЭН Бурханаас чинь бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод буюу тэнгэрийн хамаг эрхэсийг чи үзээд түүнд татагдан мөргөж, зарагдуузай. 20Харин ЭЗЭН та нарыг өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн ард түмэн болгохын тулд авч, Египетээс, төмөр хайлуулах зуухнаас гарган авчирсан.#Гэт 19:5; Дх 7:6, 14:2, 26:18; Тит 2:14; 1Пт 2:9
21ЭЗЭН та нараас болж надад хилэгнэж, намайг Иорданыг гатлуулахгүй, ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр сайхан газарт оруулахгүй гэж тангарагласан.#Тоо 20:12 22Би энэ газарт үхнэ. Би Иорданыг гатлахгүй. Харин та нар гаталж, тэр сайхан газрыг эзэмших болно. 23Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн хэлбэр дүрстэй сийлмэл хөрөг та нар бүтээгүүзэй. 24Учир нь Бурхан ЭЗЭН чинь хуйхлан шатаагч галтай, хартай Бурхан юм.#Евр 12:29
25Чи тэр нутагт хүүтэй, ач хүүтэй болоод өнө удаан амьдран суухдаа завхарч, ямар нэг дүрстэй шүтээн хийж, ЭЗЭН Бурханыхаа уур хилэнг хөдөлгөн Түүний мэлмийд ёрын муу гэснийг үйлдэх аваас 26Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө. 27ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ.#Дх 28:36 28Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй. 29Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно.#Иер 29:13 30Энэ бүх зүйл чамд тулгарч, зовж шаналах хожмын өдрүүдэд чи өөрийн Бурхан ЭЗЭНдээ эргэж, Түүний дуу хоолойг сонсох болно. 31Бурхан ЭЗЭН чинь өрөвч Бурхан мөн. Тэрээр чамайг орхих ч үгүй, чамайг устгах ч үгүй, чиний эцэг өвгөдөд тангарагласан гэрээгээ мартах ч үгүй.
32Дэлхий дээр Бурхан, хүнийг бүтээсэн өдрөөс хойших, чамаас өмнө байсан эрт урьдын өдрүүдийн тухай, тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаарыг хүртэл асуу. Үүн шиг агуу их зүйл урьд өмнө ер нь болж байсан уу? Үүн шиг юм урьд өмнө сонсогдсон уу? 33Галын дундаас айлдсан Бурханы дуу хоолойг чиний сонссон шиг сонсоод, амьд үлдсэн ямар нэгэн ард түмэн байна уу? 34ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, аюул айдсаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн өөр бурхан байна уу? 35ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм.#Мк 12:32 36Чамайг зааж сургахын тулд тэнгэрээс ЭЗЭН Өөрийн дуу хоолойг чамд сонсгож, газар дээр Өөрийн их галыг чамд үзүүлсэн. Тэр галын дотроос Түүний үгийг чи сонссон билээ. 37Тэр эцэг өвгөдийг чинь хайрлаж, тэдний дараах үр удмыг нь сонгосон учир Тэр чамайг Өөрийн аугаа хүчээрээ Египетээс авчирсан нь 38чамаас илүү агуу, илүү хүчтэй үндэстнүүдийг чиний өмнөөс хөөн гаргаад, өнөөдрийнхтэй адил чамайг газар нутагт нь аваачиж, түүнийг чамд өв болгон өгөхийн тулд юм. 39Дээр тэнгэрт, доор газар дээр ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав! 40Чи, бас чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.
Иорданы зүүнтээх хоргодох хотууд
41Тэгээд Мосе Иорданы наад тал буюу наран мандах зүгт гурван хотыг тусгаарлан салгажээ.#Иош 20:8–9 42Энэ нь урьдаас санасан өс хонзонгүйгээр, санамсаргүйгээр хөршөө алсан хүнийг тийшээ зугтаалгахын тулд болой. Тэдгээр хотын нэгэнд зугтан очсоноор тэр хүн амиа хамгаалах юм. 43Ингэхдээ тэгш талд, цөлд байдаг Безер хотыг реубенчүүдэд, Гилеад дахь Рамот хотыг гадчуудад, Башан дахь Голан хотыг манассечуудад зориуллаа.
44Израилийн хөвгүүдийн өмнө Мосегийн тунхагласан хууль нь энэ болой. 45Израилийн хөвгүүд Египетээс гарах үед Мосегийн тэдэнд тунхагласан гэрчлэл, зарлиг, шийдвэрүүд эдгээр болой. 46Тэд тэр үед Иорданы зүүн тал дахь Бет-пеорын зэргэлдээх хөндийд байжээ. Энэ газар нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихоны газар нутаг байсан авч Мосе болон Израилийн хөвгүүд Египетээс гарч ирээд, түүнийг бут цохиж, 47түүний газар нутгийг бас Башаны хаан Огийн газар нутгийг эзэмшин авчээ. Аморичуудын тэр хоёр хаан Иорданы наад талд буюу наран мандах зүгт 48Арноны хөндийн зах дахь Ароераас Сион уул (тэр нь Хермон уул) хүртэл, 49Иорданы зүүн тал дахь Арабагийн бүх нутаг, бүр Писгагийн бэл, Араба тэнгис хүртэлх нутагт сууж байжээ.
Одоогоор Сонгогдсон:
Дэд хууль 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.