Дэд хууль 32
32
1Тэнгэр сонсог, би ярья!
Газар чагнаг, миний амнаас гарах үгсийг.
2Сургаал минь шиврэх бороо,
Хэлэх үг минь унах шүүдэр,
шинэ зүлгэн дээр буух борооны дусал,
ургамал ногоон дээр орох аадар мэт билээ.
3ЭЗЭНий нэрийг би дуудан тунхаглана.
Бидний Бурханд сүр хүчийг өгөгтүн!
4Хад болсон Түүний үйлс нь төгс, зам нь үнэн.
Үнэний Бурхан, хуудуу үгүй Тэрээр
Зөвт бөгөөд шулуун шударга билээ.
5Гажиж буруутсан үеийнхэн
Түүний эсрэг нүгэл үйлдэн
Түүний хүүхэд биш, ичгүүрт толбо болов.
6Харалган хийгээд мулгуу ардууд аа!
Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу?
Чамайг бүтээж, чамайг бий болгож, чамайг тогтоосон Тэр Эцэг чинь бус уу?
7Эртний өдрүүдийг санацгаа,
Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа!
Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө.
Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө.
8Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед,
Адамын хөвгүүдийг хуваах үед
Тэрээр Израилийн хөвгүүдийн тоогоор Ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.#Үйл 17:26
9ЭЗЭНий хувь нь Өөрийнх нь ард түмэн,
Иаков бол Түүний сонгож авсан өв.
10ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд,
араатан архирах цөлөөс олжээ.
Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж,
Нүднийхээ цэцгий мэт хамгаалсан.
11Үүрээ сандаан дэгдээхэй дээрээ далавчаа дэлгэн дэвж,
дэгдээхэйгээ жигүүр дээрээ аван зөөх#32:11 эсвэл дэгдээхийдээ нисэхийг заах эсвэл дэгдээхийгээ харах бүргэд мэт
12ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан.
Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байгаагүй.
13ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж,
талбайн ургацыг идүүлж, хаднаас зөгийн бал,
цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн.
14Үхрийн сүүний цөцгий, хонины сүү, хурганы өөх, Башаны хуц
бас ямаа, шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн шүүс дарсыг уулгасан.
15Гэтэл Иешурун өөхөлж, тэлчлэв.
Чи өөхөлж, бүдүүрч, тэнтийв.
Өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж,
Өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоов.
16Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг өдөөж,
жигшүүрт юмсаар Түүнийг гомдоожээ.
17Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ.
Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад,
саяхан гарч ирсэн шинэ бурхад,
эцэг өвгөдийн чинь айдаггүй байсан бурхад.#1Ко 10:20
18Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран
Чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.
19ЭЗЭН үүнийг хараад, жигшин зэвүүцсэн билээ.
Учир нь хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм.
20Тэгээд Тэр айлдсан нь
“Би тэднээс нүүрээ буруулна.
Төгсгөл нь ямар байхыг Би харна.
Учир нь тэд тэрслүү үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.
21Тэд Бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн,
Тэд шүтээнүүдээрээ Намайг гомдоолоо.
Тиймээс Би ард түмэн бус хүмүүсээр тэднийг атаархуулж,
мунхаг үндэстнээр тэднийг гомдооно.#1Ко 10:22; Ром 10:19
22Миний хилэнгийн гал дүрэлзэн
Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж,
Газрыг ургацтай нь залгиж, уулсын суурьд ч гал тавина.
23Би тэдэн дээр гай гамшгийг овоолж,
сумаа тэдэн дээр буулгана.
24Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн
Гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно.
Би бас тэдэн уруу араатны шүд,
тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.
25Гадаах нь сэлмэнд,
доторх нь айдас хүйдэст нэрвэгдэнэ.
Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.
26«Би тэднийг тасчин хүн төрөлхтний дурдатгалаас арчин хаяна» гэж Би хэлсэн.
27Гэвч дайсны өдөөн хатгалгад түгшиж байна.
Өстнүүд нь буруугаар ойлгож,
«Бидний гар агуу, энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай”
28Тэд зөвлөдөггүй үндэстэн
Тэдэнд мэдлэг байхгүй.
29Хэрвээ тэд ухаантай байсан бол үүнийг ойлгож,
Өөрсдөө эцэст нь юу болохыг бодохсон!
30Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол,
ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүйсэн бол
Яахин нэг нь мянгыг хөөж,
Хоёр нь түмийг зугтаалгах вэ?
31Дайсны хад манай Хадтай адилгүй.
Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.
32Усан үзмийн мод нь Содомын усан үзмийн модноос,
Гоморрагийн талбайгаас гарсан юм.
Тэдний усан үзэм нь хорын үзэм,
хонгорцог нь гашуун юм.
33Усан үзмийн дарс нь могойн хор,
наж могойн үхлийн хор юм.
34“Тэр нь Надад хадгалагдаж,
Миний агуулахад лацдуулсан байгаа бус уу?
35Өшөө авалт нь Минийх.
Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна.
Тэдний гамшгийн өдөр ойртож байна.
Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.#Ром 12:19; Евр 10:30
36ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ.
Тэр тэднийг хүч чадалгүй болсныг,
хүлээстэй ба чөлөөт хүн нэг ч үлдээгүйг харахдаа
Өөрийн зарц нарыг өрөвдөнө.#Дуу 135:14
37ЭЗЭН айлдсан нь
“Тэдний бурхад хаа байна вэ?
Тэдний хоргодсон хад хаа байна вэ?
38Тахилынх нь өөхийг хэн идэж,
Ундаан өргөлүүдийнх нь дарснаас хэн уусан бэ?
Тэд босож, та нарт туслаг,
Тэд нуугдах газар чинь болог!
39Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав!
Надаас өөр ямар ч бурхан байхгүй!
Үхүүлж, амьдруулагч нь Би билээ.
Шархдуулж, эдгээгч нь Би билээ.
Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!
40Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөн
Би мөнхөд амьд! хэмээдэг.
41Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин
дайснуудаасаа өшөө хонзонгоо авч,
Намайг үзэн ядагсдад хариу барина.
42Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ.
Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно.”
43Үндэстнүүд ээ!
Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа!
Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч,
Дайснуудаасаа өс хонзонгоо авч,
Өөрийн газар нутаг болон ард түмэндээ эвлэрүүллийг хийнэ гэв.#Ром 15:10; Илч 19:2
44Тэгээд Мосе, Нуны хөвгүүн Иошуатай гарч ирээд, энэ дууны бүх үгийг ард түмэнд дуудан сонордуулжээ. 45Мосе энэ бүх үгийг бүх Израильд хэлж дуусаад, 46тэдэнд
—Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл. 47Энэ нь та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ амь амьдрал чинь юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээрээ урт насална гэв.
Мосегийн одохыг хэлэв
48Яг тэр өдөр ЭЗЭН, Мосед#Тоо 27:12–14; Дх 3:23–27
— 49Иерихогийн нөгөө тал дахь, Моабын газар нутаг дээрх Абаримын энэ уул, Небо ууланд гарч, Израилийн хөвгүүдэд эзэмшил болгон Миний өгч буй Канаан нутгийг хар! 50Ах Аарон чинь Хор ууланд үхэж, эцэг өвгөдрүүгээ одсон шиг чи бас өгсөж гарсан уулан дээрээ үхэж, эцэг өвгөдрүүгээ одох болно. 51Учир нь та нар Зинийн цөлд Мерибат-кадешийн усны дэргэд Израилийн хөвгүүдийн дунд Миний эсрэг итгэл эвдэн, Миний ариуныг Израилийн хөвгүүдийн дунд илэрхийлээгүй. 52Тиймээс чи тэр газрыг алсаас харж болно. Харин чи тийшээ Израилийн хөвгүүдэд Миний өгч буй тэр газарт орж болохгүй гэж айлдав.
Одоогоор Сонгогдсон:
Дэд хууль 32: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.