Дэд хууль 28

28
Дуулгаврын ерөөл
(Лев 26:3–13; Дх 7:12–24)
1Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина.#Дх 11:13–17 2Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ.
3Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө.
4Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө.
5Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө.
6Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.
7Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана. 8ЭЗЭН чиний тариа будааны агуулах, гарын чинь ажил үйл бүрд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө. 9Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна. 10Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно. 11ЭЗЭНий чамд өгөхөөр чиний эцэг өвгөдөд тангарагласан газар дээр чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг ЭЗЭН арвин болгоно. 12Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чамд тэнгэрийн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй. 13Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна. 14Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш ч, зүүн тийш ч өөр бурхдад үйлчлэхээр даган хазайж болохгүй.
Дуулгаваргүйн хараал
(Лев 26:14–46)
15Хэрэв чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигуудыг нь дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.
16Чи хотод ч хараагдана, хөдөөд ч хараагдана.
17Чиний сагс, талх исгэдэг сав хараагдана.
18Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана.
19Чи орохдоо ч хараагдана, гарахдаа ч хараагдана.
20Хорон мууг үйлдэн Намайг мартсанаас чинь болж ЭЗЭН чамайг устгах хүртэл, үтэр сөнөөх хүртэл чиний дээр гарын чинь ажил үйл бүрд хараал, үймээн самуун, хатуу зэмлэл илгээх болно. 21ЭЗЭН, чиний эзэмшихээр очиж буй газраас чинь чамайг усттал тахлаар нэрвэнэ. 22ЭЗЭН, чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичрэг, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана. 23Чиний толгой дээрх тэнгэр нь хүрэл болж, чиний доорх газар нь төмөр болно. 24ЭЗЭН, чиний газар нутаг дээр бороог шороо тоос болгож, тэр нь чамайг усттал тэнгэрээс буух болно.
25ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ. 26Чиний цогцос тэнгэрийн бүх шувуу, газрын араатан амьтдын хоол болох бөгөөд тэднийг хэн ч үргээж цочоохгүй. 27ЭЗЭН, чамайг Египетийн буглаат хатги, шамбарам, яр шарх, хамуу өвчнөөр цохих бөгөөд чи эдгэрч чадахгүй. 28ЭЗЭН, чамайг галзуу, сохор, зүрхний солио өвчнөөр цохино. 29Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй. 30Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй. 31Чиний үхрийг нүдний чинь өмнө нядлах боловч чи түүнээс идэж чадахгүй. Чиний илжгийг нүүрэн дээр чинь булаах боловч чи түүнийг буцааж авч чадахгүй. Чи хонио дайснуудад алдах боловч чамд туслах хэн ч байхгүй. 32Чи хөвгүүд, охидоо өөр ард түмэнд алдаж, өдөржин хойноос нь харуулдсаар нүд чинь сүүмийж, гар чинь хүчгүй болно. 33Газрын чинь үр жимс, хүч хөдөлмөрийг чинь чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана. 34Тиймээс чи үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна. 35ЭЗЭН, өвдөг гуяыг чинь эдгэшгүй муухай буглаат хатгинд бариулж, та нар хөлийнхөө улнаас толгойнхоо оройг хүртэл шавсан тэр хатги ярнаасаа ангижирч чадахгүй. 36ЭЗЭН, чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон эцэг өвгөдийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана. 37ЭЗЭН, чамайг хөөн аваачих бүх үндэстний дунд чи аймшиг, ёгт үг, тоглоом тохуу болно.
38Чи талбайдаа арвин үр суулгавч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна. 39Чи усан үзэм тарьж ургуулах боловч өтөнд идүүлсний улмаас усан үзэм ч авч чадахгүй, дарс ч ууж чадахгүй. 40Чиний бүх газар нутаг дээр чидун жимсний мод байвч жимс нь унаснаас болоод тосоор нь биеэ тосолж чадахгүй. 41Чи хөвгүүд охид төрүүлэх боловч тэд олзлогдох тул чамтай хамт байж чадахгүй. 42Чиний бүх мод, газрын чинь ургацыг голионууд эзэрхийлнэ. 43Та нарын дунд байгаа ирмэл хүн чамаас дээшилж, улам улам дэвшиж, чи улам улам буурна. 44Тэрээр чамд зээл өгнө. Харин чи түүнд зээл өгч чадахгүй. Тэр толгой болж, чи сүүл болно.
45Түүний чамд тушаасан тушаал, зарлигуудыг сахихаар чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дагаагүй учир энэ бүх хараал чам дээр бууж, чамайг нэхэн дагасаар эцэст нь чамайг устгана. 46Тэр бүх хараал чамд болон чиний үр удамд тэмдэг, гайхашрал болж үүрд байна.
47Чи алив бүхнээр элбэг дэлбэг байсан ч ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрхээр зарагдаагүй учраас 48ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр#28:48 эсвэл дайснууд чинь чамайг устгах хүртэлээ хүзүүнд чинь төмөр дөнгө углана. 49ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна. 50Тэр үндэстэн нь ширүүн догшин царайтай, настныг үл хүндэлж, хүүхдийг эс өрөвдөнө. 51Тэд чамайг устгах хүртэлээ малын чинь төл, газрын чинь ургацыг иднэ. Тэд бас чамайг мөхтөл тариа будаа, дарс, тос, үхэр, хонины төлийг чамд үлдээхгүй. 52Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотод чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотод чамайг бүслэх болно. 53Дайснууд чинь чамайг шахамдуулах бүслэлт шахалт дор чи, ЭЗЭН Бурханаас чамд хайрласан, хэвлийн чинь үр, хөвгүүд охидынхоо махыг идэх болно. 54Та нар дунд маш эмзэг зөөлөн сэтгэлтэй эр байсан ч нүд нь ах дүү, цээжнийхээ эхнэр, амьд үлдсэн хүүхдүүдрүүгээ муу санаалан харж, 55хүүхдийнхээ махнаас хэнд ч өгөхгүй идэх болно. Дайснууд чинь чамайг босгон дотор чинь шахамдуулах бүслэлт шахалт дор юу ч үлдээгээгүй учраас ингэх юм. 56Мөн та нар дунд эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй, газар шороон дээр хөлөө ч тавьж үзээгүй тийм эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй байлаа ч цээжнийхээ нөхөр, хүү охиныгоо муу санаалан харж, 57хөлийнхөө хоорондоос унжих эхсийг төрсөн үртэйгээ хамт нууцаар иднэ. Дайснууд чинь чамайг босгон дотор чинь шахамдуулах бүслэлт шахалт дор өөр юу ч үгүй учраас ингэх юм.#2Ха 6:28–29; Гаш 4:10
58Хэрэв чи энэ номд бичигдсэн хуулийн бүх үгийг чиний Бурхан ЭЗЭН хэмээх энэ эрхэм, сүрдмээр нэрээс айж эмээхийн тулд хичээнгүйлэн дагахгүй бол 59ЭЗЭН чиний гай гамшиг, чиний үрсийн гай гамшгийг аймшигтай болгож, тэр нь улам бүр хүндрэн удаан үргэлжлэх гай гамшиг, муухай ужиг өвчин болно. 60ЭЗЭН, чиний айж байсан Египетийн бүх өвчнийг чам дээр буцаан авчирч, тэдгээр нь чамайг нэрвэнэ. 61ЭЗЭН бас энэхүү хуулийн номд бичигдээгүй өвчин бүхнийг, тахал бүрийг чамайг усттал чинь чам дээр авчирна. 62Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ. 63ЭЗЭН та нарыг сайн сайхан болгож, олшруулахдаа баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө ч баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна. 64ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмэн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, эцэг өвгөд чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно. 65Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулгаж, сэтгэлийг чинь самууруулна. 66Амь амьдрал чинь дээсэн дөрөөн дээр тогтож, өдөр шөнөгүй айж эмээн амьдралдаа ямар ч итгэлгүй байх болно. 67Зүрх чинь айдас цочрол, нүд чинь үзсэн харснаасаа болоод чи өглөө нь “Орой байсан ч болоосой” гэж хэлэн, орой нь “Өглөө байсан ч болоосой” гэх болно. 68Миний чамд “Чи үүнийг дахин хэзээ ч үзэхгүй” гэж өмнө нь хэлсэн тэр замаар ЭЗЭН#28:68 эсвэл Би чамайг хөлөг онгоцоор Египетэд буцааж аваачна. Тэнд та нар өөрсдийгөө дайснууддаа боол шивэгчин болгож худалдах гэсэн ч хэн ч та нарыг авахгүй гэв.

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 28: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Videos for Дэд хууль 28