Дэд хууль 11

11
Дуулгаврын шагнал
1Тиймээс чи Бурхан ЭЗЭНээ хайрлаж, Түүний журам, зарлиг, шийдвэр, тушаалуудыг үргэлж сахь. 2Та нарын Бурхан ЭЗЭНий сахилгажуулалтыг мэдээгүй, үзээгүй хөвгүүдтэй чинь би яриагүй гэдгийг өнөөдөр ойлго. Тэд Түүний сүр жавхлан, Түүний хүчирхэг гар, Түүний сунгасан мутрыг, 3Египетийн дунд Египетийн хаан Фараонд бас бүх газар нутагт нь Түүний үйлдсэн тэмдэг ба үйлсийг нь,#Гэт 7:8—12:13 4та нарын хойноос хөөж ирсэн тэднийг Улаан тэнгисийн усанд ЭЗЭН живүүлэхдээ Египетийн цэргүүд, тэдний агт морьд, тэрэгт цэргүүдэд юу үйлдсэнийг болон ЭЗЭН тэднийг бүрмөсөн устгасныг,#Гэт 14:28 5та нарыг энд ирэх хүртэл цөлд та нарын төлөө Түүний юу үйлдсэнийг, 6Реубений хүү, Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг хэрхсэнийг, тэр үед газар амаа ангайлган бүх Израилийн дундаас тэднийг, тэдний гэр бүл, майхан, араас нь дагасан амьд биет бүхнийг залгисныг хараагүй.#Тоо 16:31–32 7Харин та нар ЭЗЭНий үйлдсэн энэ агуу үйлс бүхнийг нүдээрээ үзсэн билээ.
8Тиймээс өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг минь дагаж мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, Иорданыг гатлан, эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм. 9Ингэснээр тэдэнд мөн үр удамд нь өгөхөөр эцэг өвгөдөд чинь ЭЗЭНий тангарагласан, сүү зөгийн балаар бялхсан тэр газарт та нар урт наслах юм. 10Чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар нь та нарын нүүж ирсэн Египетийн газар нутагтай адилгүй. Египетэд та нар үр суулгаад, ногооны талбай мэт, хөлөөрөө усалдаг байсан. 11Харин та нарын эзэмшихээр Иорданыг гатлах гэж байгаа тэр газар нь тэнгэрийн хур бороогоор ундаалдаг хөндий толгодын орон агаад 12Бурхан ЭЗЭНий чинь асран хамгаалдаг орон юм. Бурхан ЭЗЭНий чинь мэлмий жилийн эхнээс эцэс хүртэл түүнийг үргэлж тольдон байдаг.
13Хэрэв та нар өнөөдөр миний та нарт тушааж байгаа тушаалыг сайтар сонсон, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ үйлчилвэл#Лев 26:3–5; Дх 7:12–16, 28:1–14 14Би та нарын газар дээр хур бороог цагт нь оруулж, хавар намрын бороо илгээж, та нар үр тариа, шинэ дарс, тос авах болно. 15Би мал сүрэгт чинь зориулан хээр талд өвс ногоог өгч та нар идэж, өег цатгалан байх болно. 16Та нарын зүрх мэхлэгдэн эргэж, өөр бурхдад зарагдан тэдэнд мөргөх вий гэдгээс та нар болгоомжил! 17Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн Тэрээр тэнгэрийг хааж, бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.
18Тиймээс та нар миний энэ үгсийг зүрх, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүднийхээ хоорондох сахиус мэт байлга. 19Та нар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай. 20Та нар үүнийг гэрийнхээ хатавчин дээр, хаалган дээр ч бич.#Дх 6:6–9 21Тэгвэл эцэг өвгөдөд чинь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан газар дээр та нарын болон хөвгүүдийн чинь өдөр хоног газрын дээрх тэнгэрийн хоногууд мэт маш олон болно.
22Хэрэв миний та нарт тушааж буй энэ бүх тушаалыг та нар сахин үйлдэж, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүнээс зуурсаар байвал 23ЭЗЭН энэ бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том үндэстнүүдийг эзэгнэх болно. 24Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар цөлөөс Ливан хүртэл, их мөрөн, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно.#Иош 1:3–5 25ЭЗЭН Бурхан чинь та нарт айлдсан ёсоороо та нарын гишгэсэн бүх л газрын хүмүүсийг та нараас айх айдас хүйдсээр хучна. Тиймээс та нарын эсрэг хэн ч босож чадахгүй.
26Харагтун, өнөөдөр би өмнө чинь ерөөл, хараал хоёрыг тавьж байна. 27Хэрэв өнөөдөр миний тушааж буй, ЭЗЭН Бурханыхаа тушаалыг та нар дуулгавартай дагавал ерөөгдөх болно. 28Хэрэв та нар ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсохгүй, харин өнөөдөр миний та нарт тушааж буй тушаалуудаас хазайж, урьд мэддэггүй байсан өөр бурхдыг дагаваас хараагдах болно.
29Чиний эзэмшихээр очиж буй тэр газарт ЭЗЭН Бурхан чинь чамайг аваачин оруулах үед чи Геризим уулан дээр ерөөлийг, Ебал уулан дээр хараалыг тавь!#Дх 27:11–14; Иош 8:33–35 30Тэр хоёр уул Иорданы нөгөө талд, наран шингэх зүгт чиглэсэн замд, Гилгалын харалдаа, Морегийн царс модны дэргэд, Арабад оршин суудаг канаанчуудын нутагт байдаг бус уу?
31ЭЗЭН Бурханаас чинь та нарт өгч байгаа тэр газрыг эзэмшихээр очихын тулд та нар Иордан голыг гатлах гэж байна. Та нар түүнийг эзэмшин тэндээ оршин суух болно. 32Өнөөдөр та нарт миний тавьж байгаа бүх зарлиг, шийдвэрийг ёсчлон дагагтун!

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Videos for Дэд хууль 11