Даниел 2:1-16

Даниел 2:1-16 АБ2013

Небухаднезарын хаанчлалын хоёр дахь онд Небухаднезар хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ. Хааны зүүдийг тайлуулахаар илбэчин, зурхайч, мэргэ төлгөч мөн халдеичуудыг дуудахыг хаан тушаажээ. Тэд ирж, хааны өмнө зогсоцгоов. Хаан тэдэнд —Би нэгэн зүүд зүүдэллээ. Зүүдээ ойлгож мэдэхсэн гэж сэтгэл минь шаналж байна гэв. Халдеичууд хаанд арам хэлээр —Хаантан, мөнх насалтугай. Та зарц нартаа зүүдээ яривал бид тайллыг нь илчилье хэмээв. Хаан халдеичуудад хариулан —Айлдвар минь бат байна. Хэрэв та нар надад зүүдийг тайлалтай нь эс мэдүүлбэл та нарыг мөч мөчөөр чинь тасчин хаяж, гэр орныг чинь хогон овоо болгоно. Харин та нар зүүд болон түүний тайллыг хэлбэл надаас бэлэг, шагнал ба үлэмж хүндэтгэл хүртэх болно. Тиймээс зүүд ба тайллыг нь надад хэлэгтүн гэв. Тэд хоёр дахиа хариулан —Хаантан зарц нартаа зүүдээ ярьсугай. Тэгвэл бид тайллыг нь айлтгая хэмээжээ. Хаан хариулан хэлэхдээ —Айлдвар минь бат гэдгийг харж буй тул цаг хожихыг хичээж байгааг чинь би лавтай мэдэж байна. Хэрэв та нар надад зүүдийг мэдүүлэхгүй бол та нарт зориулсан ганцхан лүндэн бий. Учир нь цаг үе өөрчлөгдөх хүртэл та нар миний өмнө худал хийгээд мэхлэх үгсийг ярихаар тохиролцсон байна. Тиймээс надад зүүдийг яригтун. Тэгвэл та нар тайллыг өгч чадна гэдгийг нь би мэдэх болно хэмээв. Халдеичууд хаанд хариулан —Хааны асуудлыг хэлж чадах хүн газар дэлхий дээр нэг ч үгүй ба ямар ч агуу хүчтэй хаан эсвэл удирдагч иймэрхүү зүйлийг ямар ч илбэчин, зурхайч, халдеигаас шалгааж байгаагүй. Түүгээр ч барахгүй хааны шаардсан зүйл хэцүү, үүнийг махбодоор үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд илчилж чадахгүй гэв. Энэ бүхнээс болж хаан уурлан маш их унтууцаж, Вавилоны хамаг мэргэдийг устгахыг тушаав. Мэргэдийг хөнөөх тухай лүндэн ч гарчээ. Тэгээд Даниелыг бас нөхдийг нь ч хөнөөх гэж хайв. Тэгтэл Вавилоны мэргэдийг хөнөөхөөр явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар болгоомжтой ярилцав. Тэрээр хааны ахмад Ариохт хариулан —Хааны лүндэн яагаад ийм яаруу байгаа юм бэ? гэсэнд Ариох энэ хэргийн талаар Даниелд мэдүүлэв. Даниел дотогш орж, хаанд тайллыг айлтгахын тулд хугацаа өгөхийг хаанаас гуйв.