Даниел 2
2
Небухаднезарын зүүд
1Небухаднезарын хаанчлалын хоёр дахь онд Небухаднезар хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ. 2Хааны зүүдийг тайлуулахаар илбэчин, зурхайч, мэргэ төлгөч мөн халдеичуудыг дуудахыг хаан тушаажээ. Тэд ирж, хааны өмнө зогсоцгоов.#Эх 41:8 3Хаан тэдэнд
—Би нэгэн зүүд зүүдэллээ. Зүүдээ ойлгож мэдэхсэн гэж сэтгэл минь шаналж байна гэв. 4Халдеичууд хаанд арам хэлээр
—Хаантан, мөнх насалтугай. Та зарц нартаа зүүдээ яривал бид тайллыг нь илчилье хэмээв.#2:4 Эндээс 7-р бүлгийн төгсгөл хүртэл арам хэлээр бичигджээ. 5Хаан халдеичуудад хариулан
—Айлдвар минь бат байна. Хэрэв та нар надад зүүдийг тайлалтай нь эс мэдүүлбэл та нарыг мөч мөчөөр чинь тасчин хаяж, гэр орныг чинь хогон овоо болгоно. 6Харин та нар зүүд болон түүний тайллыг хэлбэл надаас бэлэг, шагнал ба үлэмж хүндэтгэл хүртэх болно. Тиймээс зүүд ба тайллыг нь надад хэлэгтүн гэв. 7Тэд хоёр дахиа хариулан
—Хаантан зарц нартаа зүүдээ ярьсугай. Тэгвэл бид тайллыг нь айлтгая хэмээжээ. 8Хаан хариулан хэлэхдээ
—Айлдвар минь бат гэдгийг харж буй тул цаг хожихыг хичээж байгааг чинь би лавтай мэдэж байна. 9Хэрэв та нар надад зүүдийг мэдүүлэхгүй бол та нарт зориулсан ганцхан лүндэн бий. Учир нь цаг үе өөрчлөгдөх хүртэл та нар миний өмнө худал хийгээд мэхлэх үгсийг ярихаар тохиролцсон байна. Тиймээс надад зүүдийг яригтун. Тэгвэл та нар тайллыг өгч чадна гэдгийг нь би мэдэх болно хэмээв. 10Халдеичууд хаанд хариулан
—Хааны асуудлыг хэлж чадах хүн газар дэлхий дээр нэг ч үгүй ба ямар ч агуу хүчтэй хаан эсвэл удирдагч иймэрхүү зүйлийг ямар ч илбэчин, зурхайч, халдеигаас шалгааж байгаагүй. 11Түүгээр ч барахгүй хааны шаардсан зүйл хэцүү, үүнийг махбодоор үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд илчилж чадахгүй гэв. 12Энэ бүхнээс болж хаан уурлан маш их унтууцаж, Вавилоны хамаг мэргэдийг устгахыг тушаав. 13Мэргэдийг хөнөөх тухай лүндэн ч гарчээ. Тэгээд Даниелыг бас нөхдийг нь ч хөнөөх гэж хайв. 14Тэгтэл Вавилоны мэргэдийг хөнөөхөөр явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар болгоомжтой ярилцав. 15Тэрээр хааны ахмад Ариохт хариулан
—Хааны лүндэн яагаад ийм яаруу байгаа юм бэ? гэсэнд Ариох энэ хэргийн талаар Даниелд мэдүүлэв. 16Даниел дотогш орж, хаанд тайллыг айлтгахын тулд хугацаа өгөхийг хаанаас гуйв.
Небухаднезарын зүүдийг Бурхан тайлав
17Дараа нь Даниел гэртээ хариад, өөрийн нөхөд Хананиа, Мишаел, Азариа нарт энэ хэргийн талаар мэдүүлэв. 18Даниел болон нөхөд нь Вавилоны бусад мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл гуйхыг Даниел тэднээс хүсэв. 19Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав. 20Даниел хэлэхдээ
—Бурханы нэр мөнхийн мөнхөд магтагдах болтугай.
Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх.
21Тэрээр цаг хийгээд хугацааг өөрчилдөг
Тэрээр хаадыг босгодог бас унагадаг
Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг,
Хэрсүүд мэдлэгийг өгдөг.
22Гүн хийгээд нууц юмсыг Тэр л илчилдэг.
Харанхуйд юу буйг Тэр мэддэг
Гэрэл Түүнтэй хамт оршдог.
23Эцэг өвгөдийн Бурхан,
Танд би талархал, магтаалыг өргөе.
Учир нь Та надад мэргэн ухаан,
Хүч чадлыг өгсөн билээ.
Одоо ч гэсэн Танаас бидний гуйсан зүйлийг
Та надад мэдүүлсэн.
Хааны асуудлыг Та
Бидэнд мэдүүлсэн билээ гэв.
Даниел зүүдийг тайлбарлав
24Тиймээс Вавилоны мэргэдийг устгахаар хааны томилсон Ариох дээр Даниел очоод
—Вавилоны мэргэдийг бүү устгагтун! Намайг хааны өмнө аваач. Тэгвэл би тайллыг хаанд айлтгая гэв. 25Тэгэхэд Ариох, Даниелыг хааны өмнө яаран дагуулж очоод, хаанд
—Иудагаас ирсэн олзлогдогсдын дотроос хаанд тайллыг хэлж чадах хүнийг би оллоо гэв. 26Белтешазар хэмээх нэртэй Даниелд хандаж хаан
—Миний үзсэн зүүд болон тайллыг нь чи надад мэдүүлж чадах уу? гэжээ. 27Даниел хааны өмнө хариулан
—Хааны шаардсан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлгөч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй. 28Харин нууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг Тэрээр Небухаднезар хаанд мэдүүлжээ. Таныг орондоо байхад толгойд тань үзэгдсэн зүүд ба зөн ийм болой. 29Аяа хаантан, таныг орондоо байх үед бодлууд тань ирээдүйд болох зүйлсэд хандсан бөгөөд нууцуудыг илчилдэг Нэгэн энэ нь юу болохыг танд мэдүүлсэн байна. 30Гэвч надад энэ нууц илчлэгдсэн нь надад буй мэргэн ухаан аливаа амьд биетийнхээс илүү гэснийх бус, харин энэ тайллыг хаан танд мэдүүлэхийн тулд мөн таныг зүрхэн дэх бодлуудаа ойлгоосой гэснийх юм. 31Аяа хаантан, үзэгтүн, асар том баримал танд үзэгджээ. Энэ дүрс агуу том, гялалзах нь ер бусын сүрлэг. Өмнө тань тэр сүндэрлэж байсан бөгөөд дүр нь хиртхийм байв. 32Энэхүү баримлын толгой нь шижир алтаар, цээж, хоёр гар нь мөнгөөр, хэвлий, ташаа нь хүрлээр, 33хөл нь төмрөөр, тавхай нь хэсэг төмөр, хэсэг шавраар хийгдсэн бөлгөө. 34Таныг харсаар байхад гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр ба шавран тавхайг нь цохиж, хэсэг болгон буталжээ. 35Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутарч, зун тээрэмдсэн тарианы хальс мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ. 36Зүүд ийм байсан бөлгөө. Одоо бид тайллыг нь хааны өмнө хэлж өгье. 37Аяа хаантан, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ. 38Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, газрын араатан, тэнгэрийн шувуудыг Тэрээр гарт тань өгч захируулсан бөлгөө. Та тэрхүү алтан толгой юм. 39Танаас хойш таныхаас буурай нэг хаанчлал бий болж, дараа нь гурав дахь хүрэл хаанчлал гарч ирэн бүх дэлхийг захирна. 40Дөрөв дэх хаанчлал төмөр мэт хүчтэй байна. Төмөр хамаг юмыг эвдэж нураадгийн адил тэр бүхнийг хэсэглэн буталж бяцална. 41Таны үзсэнээр хэсэг нь ваарын шавар, хэсэг нь төмөр бүхий тавхай болон хөлийн хуруунууд бол хуваагдсан хаанчлал байх болно. Төмөр нь жирийн шавартай холилдсоныг та үзсэний адил тэр хаанчлал төмрийн хүчтэй байх юм. 42Хөлийн хуруунуудын нэг хэсэг нь төмөр, нөгөө хэсэг нь шавар байсны адил тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй, нөгөө хэсэг нь хэврэг байх болно. 43Төмрийг жирийн шавартай холилдсоныг үзсэн мэтээр тэдгээр нь хүний үр удмаар хоорондоо холилдох болно. Харин төмөр шавартай эс холилддог лугаа адил тэдгээр нь ч хоорондоо наалдахгүй. 44Тэр хаадын өдрүүдэд хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм. 45Гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдан төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтыг эвдлэхийг та үзсэн шиг хожим юу болох тухай аугаа их Бурханаас хаанд мэдүүлжээ. Энэ зүүд үнэн, тайлал нь ч итгэмжтэй хэмээн өгүүлэв.
Даниел ба нөхөд нь дэвшив
46Тэгээд Небухаднезар хаан нүүрээрээ унан, Даниелд мөргөөд, түүнд зориулан тахил өргөж, анхилуун утлага уугиулахыг тушаав. 47Хаан, Даниелд хариулан
—Чи энэ нууцыг илчилж чадсан тул үнэхээр Бурхан чинь бурхдын Бурхан, хаадын Эзэн, нууцыг илчлэгч мөн гэв. 48Хаан, Даниелыг дэвшүүлэн түүнд олон том бэлгийг өгөөд, Вавилоны хамаг мужийг түүгээр захируулж, Вавилоны бүх мэргэдийн тэргүүн захирагч болгов. 49Хаанд Даниел хүсэлт гаргасны дагуу Шадрах, Мешах, Абеднего нараар хаан Вавилоны мужийн удирдлагыг захируулав. Харин Даниел, хааны ордонд суусан бөлгөө.
Одоогоор Сонгогдсон:
Даниел 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.