Амос 3
3
Израилийн гэм ба шийтгэл
1Израилийн хөвгүүд буюу Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл гэр бүл та нарын эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.
2“Газар дэлхийн бүх омогийн дундаас
Би зөвхөн та нарыг сонгосон тул
Хилэнц бүрийн чинь төлөө
Би та нарыг шийтгэнэ”
3Тохиролцоогүй хоёр хамт алхах уу?
4Олзгүй арслан ойд архирах уу?
Залуу арслан юу ч бариагүй атлаа
Үүрнээсээ архирах уу?
5Оньсгүй аваас газарт буй урхинд шувуу орох уу?
Юу ч баригдаагүй атал урхи нь газраас дээш өргөгдөх үү?
6Хотод бүрээ үлээвээс хүмүүс цочирдохгүй гэж үү?
Хотод гай зовлон тохиолдвол
Үүнийг ЭЗЭН хийсэн бус уу?
7Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр
Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй.
8Арслан архирахад
Эмээхгүй хэн байх вэ?
Эзэн БУРХАН айлдахад
Эш үзүүлэхгүй байж хэн чадах вэ?
9Ашдодын цайзууд болоод
Египет газар дахь цайзуудад зарлагтун.
“Самарийн уулс дээр цуглар.
Түүний доторх их үймээн самууныг,
дунд нь буй дарлалыг үз.
10Гэвч тэд зөвийг хийхийг мэддэггүй” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэд цайзууддаа хүчирхийлэл ба сүйрлийг нөөцөлжээ”
11Тэгэхээр Эзэн БУРХАН
Ийнхүү айлдаж байна.
“Дайсан нутгийг чинь бүсэлж,
Хүчийг чинь сулруулж,
Цайзуудыг чинь тонох болно.”
12ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хоньчин арслангийн амнаас хоёр шийр, чихний тасархайг булаан авах шиг Самарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булан, дэвсгэрийн тасархайтай нь булаан авч одох болно.
13Сонс, Иаковын гэрийн эсрэг гэрчил” гэж
Эзэн БУРХАН, түг түмдийн Бурхан тунхаглаж байна.
14Тэр өдөр Би Израилийн гэмт үйлдлийг шийтгэнэ
Бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ.
Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.#2Ха 23:15
15“Би өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно.
Зааны ясан байшингууд бас сөнөж, олон байшинг эцэс болгоно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Одоогоор Сонгогдсон:
Амос 3: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.