Үйлс 28:1-15

Үйлс 28:1-15 АБ2013

Ийнхүү эсэн мэнд үлдсэн бид уг арлыг Мальт гэж нэрлэдгийг мэдэв. Хэл харьтнууд ч бидэнд ер бусын элэгсэг хандаж, бороо цутган хүйтэн байсан тул гал өрдөөд, бид бүгдийг угтаж авлаа. Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд гарт нь зүүгдчихэв. Түүний гараас амьтан унжиж байгааг хэл харьтнууд маань хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” гэж ярьцгаажээ. Тэрээр амьтныг галд сэгсэрч хаяад, өөрөө яасан ч үгүй. Хүмүүс түүнийг хавдах юмуу гэнэт газар хөсөр унаж үхэхийг нь хүлээж байлаа. Удтал хүлээсний эцэст тэд түүнд эс бусын юм тохиолдохгүй байхыг хараад, бодолоо өөрчилж түүнийг бурхан байж гэж ярьж эхлэв. Тэр газрын хавь орчмын нутаг нь арлын тэргүүн Пупли гэгч хүний эзэмшил байсан бөгөөд тэр биднийг найрсгаар хүлээн авч гурав хоног зочилсон билээ. Пуплийн эцэг улаан суулгаар өвдөж, халуураад хэвтэж байлаа. Паул түүн дээр ирж, залбираад дээр нь гар тавьж түүнийг эдгээв. Энэ явдлын дараа тэр арлынхны дундаас өвчтэй байсан бусад нь түүнд ирж, илааршиж байлаа. Тэд бидэнд их хүндэтгэл үзүүлж, биднийг тэндээс явах үед хэрэгцээтэй бүхнээр хангаж билээ. Тийнхүү гурван сарын дараа бид Зевсийн ихэр хөвгүүдийн сүлдтэй, мөнөөх арал дээр өвөлжсөн, Александрын усан онгоцонд суун Сиракуст хүрч, гурав хонов. Тэндээсээ эрэг дагуу хөвсөөр Региумд хүрч, нэг хоногийн дараа өмнө зүгийн салхи сэвэлзэн, хоёр дахь өдөр нь Путиолд ирлээ. Тэнд бид ах дүү нарыг олж уулзахад тэд долоо хоног хамт байгаач гэж биднийг урьсан юм. Тийнхүү бид Ромд хүрч ирлээ. Бидний тухай сонссон ах дүүс биднийг угтахаар Аппиу Форум ба «Гурван дэн буудал» хүртэл ирсэн байлаа. Паул тэднийг хараад Бурханд талархаж, зориг оров.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна