2Тимот 2:14-26

2Тимот 2:14-26 АБ2013

Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрүүлдэг ашиггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы өмнө тэдэнд анхааруул. Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ. Харин олиггүй хоосон ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр итгэл сүсэггүйд хөтөлдөг. Тэдний үг хавдар тархах мэт бөгөөд дунд нь Хуменай, Филет нар байна. Тэд үнэнээс төөрч, амилал нь аль хэдийнээ болсон хэмээн заримынх нь итгэлийг бусниулж байна. Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай. Том байшинд зөвхөн алт, мөнгөн төдийгүй мөн мод, шавар сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлийн, зарим нь жирийн хэрэглээнийх. Иймд хэн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэнэ, тэр хүндэтгэлд зориулагдан ариусгагдсан, Эзэнтэнд хэрэгтэй бөгөөд алив сайн үйлд бэлтгэгдсэн байх болно. Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө. Харин мунхаг, утгагүй зөрчилдөөнүүд нь мөргөлдөөн бий болгодгийг мэдэн татгалз. Эзэний боол мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүгдэд эелдэг зөөлөн, заах чадвартай, тэвчээртэй байж, зөрчилдөгсдийг дөлгөөнөөр сургамжил. Магадгүй, Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол тэд ухаан орж, хүсэлээ үйлдэхээр тэднийг олзолсон диаволын урхинаас чөлөөлөгдөх буй за.