2Тимот 2:1-15

2Тимот 2:1-15 АБ2013

Иймд хүү минь, Христ Есүст буй нигүүлслээр зоригтой бай. Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга. Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй. Хэн нэгэн дүрмийн дагуу барилдахгүй бол титэм авахгүй. Зүдэж зүтгэсэн тариачин эхлээд ургацаа хүртэх ёстой. Хэлж буйг минь эргэцүүлэн бод. Эзэн, чамд алив бүхэнд ойлголт өгнө. Сайнмэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг сана. Үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурханы үг хүлэгдээгүй. Иймээс Христ Есүс доторх авралыг мөнх алдрын хамт авах сонгогдогсдын төлөө би бүгдийг тэвчинэ. Энэ бол итгэмжит үг. Хэрэв бид Түүнтэй хамт үхсэн бол Түүнтэй хамт мөн амьдарна. Хэрэв бид тэвчвэл Түүнтэй хамт мөн хаанчилна. Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл Тэр ч бас биднийг үгүйсгэнэ. Бид итгэмжгүй байлаа ч, Тэр итгэмжит хэвээр байна. Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж үл чадна. Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрүүлдэг ашиггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы өмнө тэдэнд анхааруул. Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ.