2Тесалоник 3:1-18

2Тесалоник 3:1-18 АБ2013

Эцэст нь ах дүү нар аа, Эзэний үг та нарын дунд ямар байсан шиг түргэн тарж, алдаршуулагдах болтугай гэж бидний төлөө залбир. Тэрчлэн буруу гажуу, хорон муу хүмүүсээс биднийг гэтэлгэхийн төлөө залбир. Учир нь итгэл нь бүгдэд байхгүй. Эзэн бол итгэмжит. Тэр та нарыг ёрын муугаас хамгаалан хүчтэй болгоно. Тушаасан болгоныг маань та нар хийж байгаа болон хийх ч болно гэж Эзэн дотор бид та нарт итгэдэг. Эзэн зүрхийг чинь Бурханы хайр ба Христийн тэвчээрт чиглүүлэх болтугай. Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу явдаггүй, залхууран амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр та нарт тушааж байна. Учир нь биднийг хэрхэн дуурайх ёстойг та нар өөрсдөө мэднэ. Бид та нарын дунд залхуу байгаагүй, мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй, зүдэл зүтгэл, дараа дарамттайгаар ажиллаж байлаа. Бидэнд эрх мэдэлгүйдээ бус, харин та нар биднийг дуурайг гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгосон юм. Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэн ажил хийхийг үл хүснэ, тэр нь бүү идэг” гэж тушаадаг байсан. Учир нь та нарын дундаас зарим нь залхууран амьдарч, ажил огт хийхгүй, харин бусдын хэрэгт оролцож байна гэж сонслоо. Тийм хүмүүсийг дуугүй хөдөлмөрлөж, өөрийнхөө талхыг идэхийг Эзэн Есүс Христ дотор тушаан ятгаж байна. Харин ах дүү нар аа, та нар сайныг үйлдэхэд бүү цуц. Хэрэв хэн нэгэн нь энэ захидлын үгийг маань дагахгүй бол түүнийг онцлон анхаар. Ичээхийн тулд түүнтэй бүү нийл. Түүнийг дайсан мэт бүү үз, харин ах дүүгийн хувьд сануул. Амар амгалангийн Эзэн Өөрөө та нарт бүхий л аргаар үргэлж амар амгаланг соёрхог. Эзэн та бүгдтэй хамт байг. Энэ мэндчилгээг Паул би мутарлав. Энэ нь захидал бүрд тэмдэг болдог. Би ийнхүү бичдэг. Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай.