2Самуел 6:1-15

2Самуел 6:1-15 АБ2013

Давид Израилийн гучин мянган шилдэг эрийг бүгдийг нь дахин цуглууллаа. Давид босож, херубуудын дээр залрагч түг түмдийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх ард олонтой Баале-иуда уруу явав. Тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавив. Толгод дээрх Абинадабын гэрээс авдрыг ийнхүү авчирлаа. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явлаа. Толгод дээрх, Абинадабын гэрээс тэд Бурханы авдрыг шинэ тэргээр зөөж ирсэн бөгөөд Ахио авдрын урд алхаж явжээ. Давид болон Израилийн бүх гэр дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ, товшуур хөгжимтэй, хамаг чадлаараа Эзэний өмнө бүжицгээв. Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь бүдэрсэн тул Узза гар сунган Бурханы авдарт хүрч, үүнийг түшив. Тэрээр авдарт гар хүрсэн тул ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, түүнийг Бурхан тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв. ЭЗЭН, Уззаг ийнхүү дайрсан тул Давид огшжээ. Тиймээс тэр газрыг Перез-узза гэж өнөөг хүртэл нэрлэжээ. Тэр өдөр Давид, ЭЗЭНээс эмээж —Би яаж ЭЗЭНий авдрыг өөртөө авчирч болох билээ дээ! гэв. Давид ЭЗЭНий авдрыг Давидын хот уруу өөртөө авчрахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-Едомын гэрт аваачив. Ийнхүү ЭЗЭНий авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар байжээ. ЭЗЭН, Обед-Едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв. Давид хаанд —Бурханы авдрын төлөө ЭЗЭН, Обед-Едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Тиймээс Давид явж, Бурханы авдрыг Обед-Едомын гэрээс Давидын хотод баяр хөөртэйгөөр авч ирэв. ЭЗЭНий авдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам яваад байхад Давид үхэр ба тарган тугалаар тахил өргөв. Давид, ЭЗЭНий өмнө хамаг чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод бүсэлсэн байлаа. Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авч иржээ.