2Самуел 3

3
Абнер Давидад урвав
1Саулын гэр болон Давидын гэрийн хооронд урт удаан дайн үргэлжлэв. Давид хүчирхэгжин хүчирхэгжсээр, харин Саулын гэр доройтон доройтсоор байлаа. 2Хебронд Давидын хөвгүүд төрөв. Ууган хүү нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон. 3Удаах хүү нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хүү Абсалом юм. 4Дөрөв дэх хүү нь Хаггитаас төрсөн Адониа, тав дахь хүү нь Абиталаас төрсөн Шефатиа, 5зургаа дахь хүү нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм. Тэд Давидын хөвгүүд болж Хебронд төрсөн билээ.
6Саулын гэр болон Давидын гэрийн хооронд дайн болох зуур Абнер Саулын гэрт зоригтойгоор туслан дэмжиж байв. 7Саулд Ризпа гэдэг татвар эм байсан бөгөөд тэр нь Аиагийн охин байв. Иш-бошет, Абнерт
—Чи яагаад эцгийн минь татвар эм дээр ороод байна? гэв. 8Абнер, Иш-бошетын үгэнд ихэд уурлаж
—Иудад зүтгэдэг нохойн толгой юм уу, би? Өнөөдөр би чиний эцэг Саулын гэр, түүний ах дүүс ба нөхдөд энэрэл хайраа илэрхийлж, та нарыг Давидын гарт тушаагаагүй атал, чи өнөөдөр тэр эмээс болж намайг хилэнцтэй гэж буруушааж байна. 9Тиймээс ЭЗЭН, Давидад юу тангарагласныг хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх аваас Абнерыг Бурхан шийтгэг, бүр ч илүүг үйлдэг.#1См 15:28 10Тэрээр Саулын гэрээс хаанчлалыг булаан авч, Давидын хаан ширээг Данаас Беершеба хүртэл, Израиль болон Иудагийн дээр тогтоох болно гэв. 11Иш-бошет Абнераас айж байсан учир Абнерт ганц ч үг хариулж зүрхэлсэнгүй. 12Дараа нь Абнер өөрийн элч нарыг Давид уруу илгээж#3:12 ЭНО-д Хебронд байхад Еврейд нь байгаа газарт нь
—Энэ газар хэнийх вэ? Надтай гэрээгээ байгуулагтун. Тэгвэл бүх Израилийг танд авчрахад миний гар тантай хамт байх болно гэж хэлүүлэв. 13Давид
—Болж байна! Би чамтай гэрээ байгуулъя. Гэхдээ нэг зүйлийг чамаас би шаардаж байна. Чи миний нүүрийг харахаар ирэхдээ Саулын охин Михалыг дагуулж авчрахаас нааш миний нүүрийг харах ёсгүй гэв. 14Тэгээд Давид Саулын хүү Иш-бошетэд элч нарыг илгээн
—Филистчүүдийн зуун тээрхийн арьсаар сүй тавьсан миний эхнэр Михалыг надад өгөгтүн гэж хэлүүлэв.#1См 18:27 15Иш-бошет хүн илгээж, тэр эмэгтэйг түүний нөхөр, Лаишийн хөвгүүн Палтиелаас авахуулав. 16Харин нөхөр нь тэр эмэгтэйг уйлан дагаж Бахурим хүртэл явжээ. Тэгээд Абнер түүнд
—Яв, буцагтун гэсэнд тэр буцав. 17Абнер Израилийн ахмадуудтай хэлэлцээр хийж
—Та нар эртнээс Давидыг өөрсдийн хаан болгохыг хүсэж байжээ. 18Одоо үүнийгээ биелүүлэгтүн. Учир нь ЭЗЭН, Давидын талаар “Зарц Давидынхаа гараар би Өөрийн ард түмэн Израилийг филистчүүдийн гараас бас хамаг дайсных нь гараас аварна” гэж айлдсан билээ гэв. 19Абнер мөн бениаминчуудад ч хандан ярив. Тэгээд тэрээр Хебронд буй Давидын чихэнд Израиль болон Бениамины хамаг гэрийнхэн үүнийг хийхэд бэлэн байна гэдгийг дуулгахаар явлаа. 20Абнер хорин хүнийг дагуулан Хебронд буй Давид уруу иржээ. Абнер болон түүний хамт буй хүмүүст зориулан Давид найр хийв. 21Абнер, Давидад
—Босон явж, хамаг Израилийг эзэн хаандаа хурааж ирэхийг надад зөвшөөрөөч. Тэд тантай гэрээ байгуулж, та сэтгэлдээ хүсэмжилсэн бүхнээ хаанчлах болтугай гэв. Ийнхүү Давид, Абнерыг илгээсэнд тэр амар тайван гарч одлоо.
Абнерыг Иоаб хөнөөв
22Тэгэхэд, харагтун, Давидын зарц нар болон Иоаб аян дайнаас их олзтой буцаж ирэв. Гэвч Давид, Абнерыг явуулсан ба тэрээр амар тайван явж одсон тул Абнер Давидын хамт Хебронд байсангүй. 23Иоаб болон түүнтэй хамт байсан бүх цэрэг буцаж ирэхэд хүмүүс түүнд
—Нерийн хүү Абнер хаан уруу ирээд, хаан Абнерыг явуулсанд тэр амар тайван явав гэж хэлэв. 24Тэгэхэд Иоаб хаанд бараалхан
—Та юу хийчих нь энэ вэ? Харагтун, Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг саадгүй явж одохоор суллачихав. 25Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гаран дайтахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв. 26Иоаб, Давидын өргөөнөөс гараад, Абнерын араас элч нарыг илгээн тэд түүнийг Сирагийн худгаас буцааж авчрав. Гэвч Давид үүнийг мэдсэнгүй.
27Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав. 28Давид сүүлд нь энэ тухай сонсоод
—Нерийн хүү Абнерын цусны тухайд би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй. 29Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Шүүрдэстэнгүүд, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салаг гэв. 30Абнер дүү Асахелыг нь Гибеоны тулалдаанд алсан тул Иоаб болон түүний дүү Абишаи нар Абнерыг цохисон ажээ. 31Давид тэгээд Иоаб ба түүнтэй хамт байсан хамаг ард олонд
—Хувцсаа урж, таар өмсөн Абнерын өмнө гашуудагтун гэв. Давид хаан өөрөө авсны араас алхлаа. 32Ингээд тэд Абнерыг Хебронд нутаглуулав. Абнерын булшин дээр хаан чангаар уйлж, хамаг ард олон ч уйлалдав. 33Хаан Абнерт зориулан гашуудлын дууг дуулж,
—Мунхгийн үхлээр Абнер үхэх ёстой байв уу?
34Гар чинь гавлагдаагүй,
Хөл чинь дөнгөлөгдөөгүй ч
Хорон мууг үйлдэгчийн өмнө унадагчлан чи унав
гэв. Хамаг ард олон түүний төлөө улам ихээр гашуудан уйлалдав. 35Дараа нь өдрийн цаг байсаар атал Давидад талх дөхүүлж өгөхөөр хамаг ард олон ирэв. Харин Давид
—Хэрэв нар жаргахаас өмнө би талх эсвэл ямар нэгэн юмыг амсвал намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг! гэж тангараглав. 36Хамаг ард олон үүнийг ажиглав. Хааны үйлдсэн хамаг хэрэг ардуудын таалалд нийцдэг байсны адилаар энэ нь ч мөн тэдний таалалд нийцэв. 37Ингээд Нерийн хүү Абнерыг алах нь хааны хүсэл байгаагүй юм байна гэдгийг хамаг ард олон болон бүх Израиль даяар тэр өдөр мэдэцгээлээ. 38Дараа нь хаан зарц нартаа
—Өнөөдөр Израильд ноён болоод агуу хүн уналаа гэдгийг та нар мэдэхгүй байна уу? 39Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс надаас хатуу байхад, тослогдсон хаан атал би харин өнөөдөр дорой байна. Бузар мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.

Одоогоор Сонгогдсон:

2Самуел 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү